Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө Дэлхийн аварга, Казахстаны бөх Максим Раковтой барилдаж, торгуулиар (3:2) яллаа.

Н.Түвшинбаяр энэ сарын эхээр өндөрлсөн ДАШТ-ий хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Максим Раковг юко үнэлгээгээр ялсан билээ.

Тус наадмын жүдо бөхийн тэмцээний -100 кг-ын жинд барилдсан Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Тажикстан, БНСУ, Узбекстаны бөхчүүдийг ялж, мөнгөн медалийн болзол хангасан бол ийнхүү Азийн наадмын алтан медалийн төлөө Казахстаны Раковыг ялж, жүдочдын энэ наадмаас хүртэж буй гурав дахь алтан медалийг авчирлаа.

Н.Түвшинбаяр шагнал гардуулах ёслолын дараа хэвлэлийн хуралд оролцох үеэрээ "Азийн наадамд гурав дахь удаагаа оролцож байна. Анхны медаль маань алтан медаль байсанд баяртай байна" гэсэн юм.

Өчигдөр Азийн наадмын татамид гарсан манай жүдочдоос + 100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль, 90 кг-д Л.Отгонбаатар хүрэл медаль хүртэв.

Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-д Б.Мөнхтуяа, +78 кг-д О.Жавзмаа нар V байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. О.Жавзмаа бэртлийн улмаас хүрэл медалийн төлөөх барилдаанд гараагүй юм.

Ингэснээр манай жүдо бөхийн шигшээ баг тамирчид Азийн наадмаас гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, шагналт V байрт гурван бөх шалгарч Япон, БНСУ-ын ард гуравдугаар байрт шалгарлаа. Өнөөдөр жүдо бөхийн багийн төрөл болж, жүдо бөхийн тэмцээн өндөрлөнө.

Д.Ана