Иргэдийн саналыг хүлээн авах 11-11 төвд “Люминал” эмийг худалдаанаас эргүүлэн татаж, энэхүү эмийг орлуулах үйлчилгээтэй эм олдохгүй байгаа нь хүндрэл үүсгэж буй талаарх гомдол цөөнгүй иржээ.

“Монос” эмийн сангийн эмийн санчийн буруутай үйлдлээс болж улсын бүртгэлд бүртгэгдээгүй “Фенобарбитал” буюу бидний нэрлэж заншсанаар “Люминал” эмийг тун хэтрүүлэн хэрэглэсэн гэх шалтгаанаар 16 нярай өнгөрсөн наймдугаар сард хордсон.

Албан үүрэгтээ хайнга хандсан эмийн санчийн хэргийг шалгах явцад тархины даралттай хүүхдүүдэд өгөхөөр эмч нарын жор бичдэг “Люминал” эм нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Өөрөөр хэлбэл хууль бусаар худалдаалагдаж байсан нь тогтоогдсон билээ. Тиймээс энэхүү эмийг худалдах эрхийг түдгэлзүүлж, эмийн сангийн лангуунаас татаж эхэлсэн. МХЕГ-ын ХМОНХХ-ээс мэдээлснээр “Монос”-ын хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж дууссаны дараа ЭМЯ-наас хариуцлага тооцохоор төлөвлөж байгаа аж.