Буудлагын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Алдар спортын хороо, АПУ хувьцаат компанийн тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү 10 метрийн хийн гар бууны дасгалд ганцаарчилсан болон багийн буудлагдаа "Хос хүрэл" медалийн болзол хангасан бахдам амжилт үзүүлээд байсан билээ. Тэгвэл өчигдөр болсон 25 метрийн спорт гар бууны дасгалд мөн адил ганцаарчилсан болон багийн буудлагдаа дахин "Хос хүрэл" медаль хүртлээ.

  Ийнхүү Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан тус тэмцээнд манай улсын шилдэг тамирчид цэц мэргэнээ сорин оролцсоноос ОУХМ Энхтайваны Даваахүү амжилттай оролцож энэ цагийн шилдэг тамирчин болохоо харууллаа.

   Тэрбээр дэлхийн шилдэг тамирчид оролцож цэц мэргэнээ сорьсон 10 метрийн хийн гар бууны дасгалд 573 онож хүрэл медаль, 25 метрийн спорт гар бууны дасгалд 556 онож мөн адил хүрэл хүртэж нийтдээ 4 хүрэл медалийн эзэн болж, Монгол хэмээх нэрийг дэлхийн тийрэнд мандуулж элэг нэгт ахан дүүсийнхээ нэр алдарыг цуурайтууллаа. Ийнхүү монголын эрэгтэй гар буучдын бахархал болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Алдар спортын хороо, Апу хувьцаат компанийн тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү болон эрэгтэй гар бууны багийн тамирчиддаа монгол түмнийхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, амжилт бүхний дээдийг хүсье.

10 метрийн хийн гар бууны дасгалын дүн

25 метрийн спорт гар бууны дасгалын дүн