"Чингис хааны мэнгэ", "Хубилай сэцэн хаан", "Чорос", "Тэнгэрийн чулуу", "Хулан хатан" зэрэг түүхэн романаа уншигч олны гарт хүргэсэн хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын хаадын түүх судлаач, зохиолч Дамдины Жамъян юм. Амьдралынхаа 25 жилийг зургаан цуврал ном гаргахад зориулсан эрхэм зохиолч маань өнгөрөгч бямба гарагт “Өгөдэй хаан” түүхэн романыхаа номын хуримыг “Ардчилсан хүчний холбоо”-ны байранд хийлээ.

Утга зохиолын ертөнцөд Урианханы хөх чоно Дамдины Жамъян нэрээрээ танигдсан тэрбээр Монголын түүх, ялангуяа их хаадын түүх, эзэн Чингисийн алтан ургийн түүхийг олон жил судалсан бөгөөд уншигчдын талархлыг хүлээгээд байгаа түүхэн романуудаас гадна кино роман хүртэл бичиж туурвисан авьяаслаг уран бүтээлч юм.  

СГЗ, зохиолч Д.Жамъян “Өгөдэй хаан” түүхэн романыхаа номын хуримын нээлтэд  "Энэхүү баярт минь уран бүтээлийн анд нөхөд, сэтгэл зүтгэл, хүсэл зорилго нэгт Ардчилсан хүчний холбооныхон болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан та бүхэндээ баярлалаа. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн босгон дээр "Өгөдэй хаан" романыхаа номын хуримыг хийж байгаа нь тун бэлгэшээлтэй үйл явдал юм. Чингис хаан гэж хэлэх ч эрхгүй байсан тэр цаг үеэс өнөөдрийн нийгэм бол огт өөр шүү" хэмээн сэтгэл догдлон өгүүлнэ лээ.  

"Чингис хааны мэнгэ", "Хубилай сэцэн хаан", "Чорос" , "Тэнгэрийн чулуу", "Хулан хатан" зэрэг цуврал бүтээлүүдийнхээ тухай эрхэм зохиолч Д.Жамъян хэдийгээр түүхэн хүний тухай тодорхой цаг хугацаанд баригдсан ч, дэлхийн уран зохиолын чиг хандлагыг тусган, өөрийн сэтгэлгээний шинжтэй бүтээсэн гэдгээ энэ үеэр тодорхой ярьсан билээ. Монголын түүхийн тод бичиглэл болсон таван их хаан, нэг хатны дотоод ертөнцийг нулимстай, дарстай, дурлалтай нь шидэт реализмын аргаар бүтээсэн түүний уран бүтээлийн дээжис ийнхүү олны хүртээл болсоор байна.