Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р сургуулийн 6а ангийн хүүхдүүд хордлого болсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хүүхдүүд салат, төмсний нухашнаас хордлого авсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдлоо. Тэдний идсэн салат, салатанд орсон хүнсний бүтээгдэхүүн, ус, арчдас болон ходоодны угаадсанд шинжилгээ хийхэд “Staphylococcus aureus”, “Дархангэрэл” ХХК-ийн хиамнаас гэдэсний савханцар, “Staphylococcus aureus”, төмсний нухашнаас “Bacillius cereus”, “Staphylococcus aureus”, арчдаснаас гэдэсний савханцар илрэв. 

Хүүхдүүд “Ургацын баяр” тэмдэглэх гэж гэр гэртээ төрөл бүрийн салат, төмсний нухаштай бялуу, жимс, үзэм, чацарганы шүүс, будаа, хиамтай ороомог хийж ангидаа авчирчээ. Үүнээс идсэн 16 хүүхэд хордлого авч эмнэлэгт эмчлүүлж байгаад бие нь сайжирч эмнэлгээс гарсан. Бусад 16 хүүхэд, багш, ар гэрийнхний биеийн байдал хэвийн байна.