Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үсэг зурсан нь Н.Алтанхуяг улстөрийн байдлаас ихэд айж байгааг илтгэнэ.

Энэ үеэр Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөл болсон УИХ, Засгийн газрын зарим гишүүд оролцсон нь олны гайхширлыг барлаа. Авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаяр авлигад нэгэнт суралцсан дүү нартайгаа ураг барилдаж, хамтран ажиллахаар боллоо. Өнөөх ардчилал шударга ёс энэ тэр бол байхгүй ээ. Ёстой л хамтраад авлигдахаар гарын үсэг зурчихлаа. Үнэн хэрэгтээ өнөөдөр манайд жинхэнэ ардчилал гэж огт байхгүй, зэрлэгдүү капиталист нийгэм байгааг судлаачид улстөрчид хэлдэг. Ерөөсөө л хөрөнгөтний нийгэм гэдгийг заавал судлаачдаар хэлүүлээд ч байх шаардлагагүй, наян настай буурлаас найман настай балчир ч мэдэхээр тийм л зэрлэгдүү хөрөнгөтний нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Юутай ч тэд улаан коммунист, капиталистын бантанг хутгаж орхилоо. Юу болж тардаг юм байгаа юм. 

       Ийнхүү бантан хутгах үеэр Н.Алтанхуяг “Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх, эрх чөлөө шударга ёсыг төлөвшүүлэх, улс орныхоо хөгжлийг хурдасгах, бүтээн байгуулалт хийх зорилтын хүрээнд манай хоёр нам Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан хоёр жил дахь жилдээ ажиллаж байна. Тодорхой ажлууд хийж чадлаа. Ирэх хоёр жилд олсон амжилтаа улам бататгаж ажиллахаар гэрээгээ шинэчлэн байгуулж байгаа нь Монголд улс төрийн намууд хамтарч улс орныхоо хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллахын бодит жишээг үзүүлж байна. Манай Засгийн газарт Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам хамтарч ажиллаж байна. Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх болно” хэмээсэн юм.

     Харин Н.Энхбаяр “Төр засгийн ажил тодорхой, урагшаа харсан байх ёстой, цаг алдаж болохгүй. Өнөөдрийн энэ гэрээнд гарын үсэг зурсан нь төр засгийн ажлыг цэгцлэх, том бүтээн байгуулалтын ажлыг хурдлуулна гэдэгт найдаж байна. Монголчууд бид цаг алдаж болохгүй, бид хөгжих ёстой, монгол хүн эх орондоо сайхан амьдрах ёстой, эх орондоо эзэн болох ёстой. Энэ бүхэнд хамтын ажиллагааны гэрээ тус болно. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газарт Ардчилсан намтай хамтран ажиллаж, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэнэ дээ.

       Мөн ч золигийн юм болж байна, авлига хамтран авахаар гэрээллээ л гэж харагдахаас өөр юу ч алга.

 

Н.Дөл