улаанМАХН-ынхан өнгөрсөн долоо хоногийн дөрвөн өдөр хуралдаж бүтэн жилийнхээ уур бухимдалыг ярилцаж, уушиг зүрхээ нээжээ.

Энэ хуралд Н.Энхбаяр дарга нь суусан юм. Харин хуралд ирсэн гишүүдийн зарим нь МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёрыг “Н.Энхбаяр даргаа таныг байхгүй нэг жилийн хугацаанд Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр бидэнд хойд эхийн сэтгэлээр хандсан. Тэр хүмүүс цаашид сайд хийх ёс зүйгүй. Тиймдээ ч хуралд ирэхгүй байна. Таныг ирэхээр л намаа гэдэг. Бусад үед хувиа боддог. Ийм хүмүүсийг намаасаа хөөх хэрэгтэй” гэх мэтээр авч өгсөн гэж эх сурвалж мэдээллээ. Харин ажиглагчид энэ үйл явдлыг нам доторх зөрчил гэхээсээ илүү дараагийн удаа сайд болох гэсэн нөхдийн захиалга гэж тайлбарлаж байна. Тийм ч байж болох юм.

    Ямар ч байсан энэхүү матаас Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёрыг намаасаа ихээхэн хөндийрөхөд хүргэлээ. Учир нь Н.Энхбаяр ч гэсэн цаашид “Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёрыг дэмжихгүй, энэ хоёр одоо болсон” гэж дотны нөхөддөө ярьсан байна. Тэгээд л Шинэчлэлийн Засгийн газарт тавигдах гурван сайдаа шинэ хүнээр томилно гэж Н.Энхбаяр шахжээ. Түүний энэ хандлагаас юу болоод байгааг Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр сайн ойлгожээ. Ингээд Д.Тэрбишдагва сайн дураараа Шадар сайдын ажлаасаа татгалзжээ. Татгалзахгүй бол угаасаа булаагаад авах нь тодорхой болж. Энэ үйл явдалд Д.Тэрбишдагва баахан гомдсон байна. Н.Энхбаярыг ядарч, зүдэрч хоригдож явахад нь хэн намаасаа гарч өмгөөлсөн билээ? Гэтэл Н.Энхбаяр гарч ирчихээд тэр хүнээ “Одоо болно. Бусаддаа боломж олго” гэж хэлэх ариун явдал уу гэх мэтээр хөөрөлдсөн бололтой. Харин Ч.Улаан Сангийн сайдаа АН-ынханд булаалгасан юм. Ингээд Шадар сайдад санаархтал Н.Энхбаяр “Одоо болно гэжээ”. Ийнхүү Н.Энхбаяр хүнд хэцүү цагт баруун, зүүн гараа болгож явсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёрыгоо үндсэндээ баяртай гэжээ.

    Ийм шийдвэр гаргахад нь түүний эхнэр О.Цолмонгийн нөлөө их байсан гэж эх сурвалж тайлбарлав. Учир нь Н.Энхбаярыг хоригдсон байхад О.Цолмон түүний найз Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёртой уулзах гэж зовсон. Тэр ч бүү хэл тухайн үед “Н.Энхбаярын гэргий О.Цолмон Ч.Улаантай уулзах гэж иртэл ордноос гарч зугтсан” тухай хэвлэлийн мэдээ хөвөрч байсан. Тэр бүхнийг Н.Энхбаяр тооцож шийдвэр гаргасан бололтой. 

    Тийм учраас Н.Энхбаяр эрх баригч АН-тай гэрээ байгуулахад Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр очоогүй байна. Бас намынхаа хуралд ч бүрэн суугаагүй гэнэ. Мөн энэ хоёр намынхаа гишүүдийн утсыг ч авахаа байжээ. Энэ байдлаас үзвэл МАХН-ынхандаа, даргадаа гомдсон гэж ойлгож болохоор. Харин ажиглагчдын тайлбарлаж байгаагаар бол МАХН доторх өрсөлдөөнд Г.Шийлэгдамба, Ц.Шаравдорж нарт ялагдсан гэж ойлгож болох юм. Өмнө бас МАХН-ынхан хоорондоо ихээхэн маргаан өрнүүлж байсан. Тэр маргааны эцэст У.Барсболд түүний дүү П.Хангал тэргүүтэй хүмүүс МАХН-аас явсан юм. Харин энэ удаа МАХН-ыг үүсгэн байгуулагч Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёрын ээлж иржээ.