БНСУ-ын Инчён хотод болж буй Азийн пара наадмын гурав дахь өдөр буюу өчигдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд барилдсан Н.Алтанцэцэг түрүүллээ. Тэрбээр Энэтхэгийн бөхийг ялж, шигшээ барилдаанд Тайландын Нантаракыг ялсан юм. 

Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Хашцэцэг нар хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа медалийн тоог нэмэв.

Монгол Улсын баг тамирчид гурван өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлага, хөнгөнатлетик төрлүүдээс 1 алт,мөнгө, 6 хүрэл, нийт 8 медаль хүртээд байна. Түүний хувьд Монголын баг тамирчдын хамгийн анхны алтан медалийг ийнхүү авлаа.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-д Н.Алтанцэцэг алт, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү мөнгө, 66 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Л.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Болортунгалаг, 70 кг-д Б.Хашцэцэг, буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд спортын мастер З.Ганбаатар, бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 ангилалд Г.Цогтгэрэл нар хүрэл медаль хүртсэн.

Түүнчлэн тэмцээний эхний өдөр буюу аравдугаар сарын 19-нд хүрэл медаль хүртсэн буудагч З.Ганбаатар “Рио-2016” паралимпийн эрхийг Монголын тамирчдаас хамгийн түрүүнд авсан билээ.