“Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Зүрхээр наадагч” киноны сүүлийн үзвэрүүд “Өргөө-2”, “Тэнгис”, Соёмбо” кинотеатруудад гарч эхэллээ. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр нээлтээ хийсэн энэхүү киноны хувьд үзэгчдийн тоо, ашиг орлогоороо өнөөг хүртэл тэргүүлж яваа юм. Авьяаслаг уран бүтээлчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд үзэгч олондоо зориулсан “Зүрхээр наадагчдын талархал” өдөрлөгөө эдгээр кинотеатруудад зохион байгуулсан удаатай. Мөн тэд өвчтэй бяцхан хүүгийн эмчилгээнд зориулан “Сэтгэлийн хүч” сайн үйлсийн аяныг өрнүүлсэн бөгөөд хит дууныхаа орлогыг хандивлахын сацуу “Сэтгэлийн хүч” нэртэй хандивын тоглолтоо энэ сарын эхээр Монгол бөхийн өргөөнд хийж байлаа. Үүгээр ч зогсохгүй хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн бяцхан жаалуудад “Зүрхээр наадагч” киногоо үнэ төлбөргүй сонирхуулан нэгэн өдрийг хамтдаа тоглож наадан өнгөрүүлсэн гэдгийг уншигчид маань сайн санаж байгаа биз ээ.

Тэгвэл өдгөө тус киноны сүүлийн үзвэрүүд энэ сарын 26-нд дуусах гэж байгаа бөгөөд эрхэм уран бүтээлчид маань үзэгч олондоо баярлаж талархсан сэтгэлийн үгээ өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.