Өнгөрөгч долдугаар сард СБД-ийн 4-р хорооны "Хаан" банкны АТМ-ээс хуурамч картаар их хэмжээний мөнгө алдагдсан.

Тэгвэл энэ сарын 27-ны өдөр БНХАУ-ын хоёр иргэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итали зоогийн газрын “Хаан” банкны “Пос терминал” картын машиныг ашиглан хуурамч гүйлгээ хийжээ.

Тэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 40 сая төгрөгийг өөрсдийн харилцах дансанд шилжүүлэн авсан байна. Эл хэргээ үйлдэхдээ манай улсын 3 иргэнийг оролцуулжээ. Монгол иргэдэд бид нар та нарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллана гэж итгүүлэн тэдний нэр дээр банктай гэрээ хийлгэж хуурамч төлбөрийн картаар мөнгө гаргуулан авч улмаар БНХАУ руу гуйвуулдаг байжээ.

Дээрх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Иймд иргэд, олон нийтийн энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч, хохирогч болохгүй байхыг сэрэмжлүүлж байна.