Манлайлагч залуус энэ удаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Монгол улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нартай Монгол улсын төрийн ордны Иргэний тахимд болзлоо. Хувь хүний манлайлал, амжилтад хүрэх нууц, манлайллын мөн чанар чухам юунд оршдог тухай УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцогч залуустай ярилцаж, тэдэнд үнэтэй зөвлөгөө өгчээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Юуны түрүүнд намайг энэхүү болзоонд урьсан залуучууд та бүхэнд баярлалаа. Сүүлийн үед “Улс төрд шинэ манлайлагч” төслөөр их амьсгалж байна. Өнгөрсөн өдөр гэхэд би Цусны төвд болсон арга хэмжээнд уригдаж оролцсон. Залуучууд өөрсдөө санаачлаад бусдад зөв үлгэр дуурайл болж байгааг хараад үнэхээр манлайлж чадаж байна гэж дүгнэсэн. Онцолж хэлэх нэг зүйл бол ”Энэ төсөлд оролцохоор шийдвэр гаргаад тэгээд шилдэгт шалгарч үлдээд цааш үргэлжлүүлж байна гэдэг өөрөө манлайлал мөн юм". Тийм болохоор та бүхэн амжилтад хүрэх хамгийн чухал алхмыг хэдийнээ хийжээ" гэв.

Монгол улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн "Сайн байцгаана уу. Энэ төсөлд оролцож байгаа ирээдүйн манлайлагч залуус та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Ямар ч цаг үед, ямар ч нөхцөл байдалд манлайлал хэрэгтэй байдаг. Манлайлал байснаар олон нийт түүнийг дагаж, эргээд олон нийт өөрөө түүний хүч болж явдаг учиртай. Миний хувьд дипломатч мэргэжилтэй, 1989 онд Москва хотод Олон улсын харилцааны сургууль төгсөж ирээд түүнээс хойш 25 жилийн дараа Гадаад харилцааны чиглэлээр төрд зүтгэж байна. Олон улсын харилцааны сургууль маш онцлогтой, өнөөдрийн бидний ярьж байгаа энэхүү манлайллын чиглэлээр олон талаас нь их зүйлийг зааж сургадаг. Тухайн үед анхны гадаад оюутан болж очиж байсандаа баяртай байдаг. Тэгэхээр гадаад харилцаанд манлайлал гэдэг маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн олон нэр төртэй улс төрч, алдартнууд, хувьсгал хийгчдийн түүхийг хархад тэд бүгд салбар салбартаа манлайлагч байж, манлайллын тод жишээ болж чадсан байдаг гэдгийг онцлохыг хүсэж байна. Тийм болохоор өөрийгөө голох биш, харин ч манлайлагч байх эхний алхмаа хийсэн гэдэгтээ итгэж, тууштай зүтгэх хэрэгтэй" гэдгийг захисан юм.

Ийнхүү улс төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдтэй хийдэг “Болзоо”-ны зочид шилдэг оролцогч нарт үнэтэй зөвлөгөө өгч, өөр өөрсдийн сэдвийн хүрээнд сургамж болох олон түүхийг дурсаж, цаг үеийн шинэ мэдээ мэдээллийг ч мөн давхар олгосон юм. Залуус өөрсдийн сонирхсон асуултаа зочдоос тодруулж, мэдэхийг хүссэн хариултаа авсанаар тэдний уулзалт хором анзаарах завгүй өрнөлөө.