Өнгөрсөн Лхагва гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаар улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй болж эхэллээ.
11 сарын 5-ны орой АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлын товыг өнөөдрөөр тогтоосон.

Тэгвэл өчигдөр орой АН-ын Хяналтын Ерөнхий Хороо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж саналаа өгсөн УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, Р.Амаржаргал, Б.Наранхүү, Р.Бурмаа нарыг намаасаа хөөх шийдвэр гаргасан .

Ингэснээр УИХ дахь АН-ын гишүүдийн тоо МАН-ынхтай адил болж буй юм.
Үүнтэй холбоотойгоор АН дахь зөрчил хагарал болох нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байна.
Сонирхолтой нь Ерөнхий сайд асны болон Ерөнхий сайдыг огцруулагчдын бүлэглэл аль аль нь МАН-тай хамтран Засгийн газар байгуулахаар яриа хэлэлцээр хийж эхэлжээ. Мөн л хачирхалтай нь Ерөнхий сайдыг МАН-аас тодруулах бөгөөд шадар сайдаар  өөрсдөө ажиллах гэнэ.
УИХ-ын гишүүн М.Зоригт энэ тухай :
"Н.Алтанхуяг шадар сайд болохоор МАН-тай хэлэлцээр хийж явна" 
хэмээн social хуудастаа бичсэн юм.
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдыг огцруулсан бүлэглэл ч Ерөнхий сайдыг танайд өгье, бид нартай л хамтарч Засгийн газар байгуулчих гэсэн санал тавьж явааг эх сурвалжууд нотолж байна.
 Өнөөдөр болох АН-ын ҮЗХ-ы хурлын шийдвэр хэрхэн гарах нь АН-ын  чухам  аль бүлэглэл  МАН-тай хамтарч Засгийн газар байгуулахыг шийдэх бололтой.

Б.Төгөлдөр