Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцроод хоёр хонож байна. Хэдийгээр МАН гишүүд улс орны нийгэм, эдийн засгийн байдал засаглалын хямралтай давхцсан нь гүйцэтгэх засаглалын тэргүүний буруутай үйл ажиллагааны гор хэмээн Ерөнхий сайдын суудлаас нь огцруулах хүсэлт өргөн барьсан намынх нь нөхөд түүнийг танхимтай нь хамт унагасан.

Өөрөөр хэлбэл, АН-ын найман гишүүн түүнийг огцруулах кноп дарсан бол долоон гишүүн шалтгаангүйгээр хуралдаанаа тасалснаар буюу эл үйлдлээрээ Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжсэн юм.

Энэ үйл явцыг АН-ын Жигүүрийн гишүүд өнгөрсөн хугацаанд намдаа ротаци явуулж, ҮЗХ-гоо хуралдуулаагүйтэй холбон тайлбарлаж байна. Ингээд жигүүрийн удирдах зөвлөлийн гишүүн Н.Пүрэвжавтай ярилцлаа.

-Танай намын дарга Ерөнхий сайдын суудлаасаа огцорсон нь олны анхааралд байна. Улс төрийг идэвхтэй сонирхдог болон намын гишүүн хүний хувьд та энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид улс төрийн нөхцөл байдал, намын гишүүдийн яриа, ордны хуйвалдааныг хүртэл маш сайн ажиглаж, энэ талаар мэдээлэлтэй байдаг. Манай жигүүрийнхэн АН-ын үйл ажиллагаа болохгүй, доголдож байна гэдгийг жилийн өмнөөс анхааруулж, хэлсээр ирсэн. "Ер нь АН дампуурч байна шүү, энэ байдлаараа цаашаа удаан явбал дампуу байдал чинь төр, засагт хүртэл халдварлах нь байна шүү” гэж.

Юуны төлөө 100 гаруй мянган гишүүнтэй нам олноороо хэлэлцэж байж, намынхаа дүрэм журмыг боловсруулж баталсан билээ дээ. Үүнийгээ мөрдөж, хэрэгжүүлдэггүй. Хэдхэн том толгойтой дарга нарын дохио зангаагаар явдаг болчихсон. АН тэдний хувийн өмч, компани шиг байдалтай болчихсон.

Ийм учраас бид энэ байдлыг таслан зогсоох үүднээс “Намынхаа дүрэм журмыг мөрдөөч, ҮЗХ-гоо яаралтай хуралдуулж, ротациа хийгээч” гэдгийг жигүүрийнхэн жилийн өмнөөс шаардсан. Гэтэл ингэж анхааруулж, сануулсаар байтал үл тоосоор байгаад өнөөдөр ийм байдалд хүрчихлээ. Үнэндээ энэ дампуу байдал намаас халиад засаг, төр рүү орчихлоо.

-Ингэхэд АН-ын жигүүрийн зорилго юу юм бэ?

-Бид дарга, сайд болно гэж дээдэх хэдэн луйварчин шиг явдаг улс биш. Харин 20 гаруй жилийн турш сэтгэл зүрх, итгэл үнэмшлээрээ нэгдэж, ардчиллын төлөө яваа хүмүүс.

Ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, үр хүүхдээ сайн сайхан амьдруулах хүсэлтэй л хүмүүс. Харин эрх мэдэл, албан тушаалд очихоороо нам харгалзахгүй хоорондоо наймаалцдаг, шударга бус хүмүүсийг ямар ч.үед эсэргүүцэн дуугарах болно.

-АН яагаад ийм байдалд хүрчихэв. Намын гишүүд нь нийлээд Ерөнхий сайдаа, Засгийн газраа унагачихлаа шүү дээ?

-АН-ын хэдэн удирдлага л ийм байдалд хүргэчихлээ. ҮЗХ-г хуралдуулж, ротаци явуулахыг болиулаад одоогийн ҮЗХ-ны 200 гаруй гишүүнийг хэмжээгүй эрхт буюу хугацаагүйгээр, мөнхийн ҮЗХ-д нь байлгах ажлыг одоогийн намын дарга Н.Алтанхуяг, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн намын дарга байсан Ш.Түвдэндорж нар нууцаар гарын үсэг зурсан байдаг юм.

Харин үүнийг нь бид олж мэдээд намынхаа гишүүдэд дэлгэж, анхааруулж байсан удаатай. “Энэ хүмүүс ингэж болохгүй ээ, хувийн компани мэт аашилж байна. Ард түмний намыг ингэж доромжилж, хуйвалдаж болохгүй" гэдгийг хэлж байсан. Гэтэл тэр байдал үнэндээ өнөөдөр давтагдаж байгаа нь энэ.

-Та бүхний шаардаад байдаг ҮЗХ өнөөдөр хуралдах гэж байна. Гэтэл танай намын гишүүд “Дүрмийн бус ҮЗХ” гэж тодорхойлоод эхэллээ. Энэ ямар учиртай юм бэ. Та бүхний бодол ямар байгаа вэ?

-Эрх зүйн чадамжгүй ҮЗХ хуралдах гэж байгаа нь үнэн. Нэг ёсондоо ҮЗХ нэртэй ч тус хорооны гишүүн бус хүмүүсийн зохион байгуулж байгаа ажил. Намын дүрмээр жил тутамд ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэг нь ротацид орж байдаг. Гэтэл сүүл ийнтаванжил ротаци явуулаагүй учраас дүрмийн бус гэсэн үг.

Түүнчлэн төрийн алба хашиж байгаа хүмүүс намын гишүүн байхаасаа татгалзаад төрийн жинхэнэ албаны тангараг өргөх ёстой гэдэг хуулийг уландаа гишгэчихсэн. ҮЗХ-ны бүх гишүүн төрийн албаны ажлыг давхар хийж байгаа. Ингэж болохгүй ээ.

Хэрвээ дагаж мөрдөхгүй юм бол яах гэж бид олноороо хэлэлцэж дүрэм журам баталсан юм бэ. 2-3 даргын хүссэнээр өөрчилдөг, нууцаар гарын үсэг зураад тогтоол үйлдэж болдог юм бол нам гэж байгаад хэрэггүй биз дээ. Тиймээс энэ ярилцлагаар дамжуулаад  намынхаа ажлыг цэгцэнд нь оруулж, дүрмээ мөрдөхийг АН-ын дарга нарт сануулъя.

АН нам шиг байж, ардчиллынхаа мөн чанарыг хэрэгжүүлдэг байхыг л бид хүсч байгаа юм. Ардчилсан нам гэчихээд худлаа арчилал яримаагүй байна. Тиймээс ҮЗХ-г зуун хувь шинэчилж, шинээр зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа дахин хэлье. Тус хороо хууль бус, өнөөдрийн намын удирдлагууд гээд байгаа хүмүүс ч хууль бус юм шүү дээ, угтаа.

-Н.Алтанхуягийг хэн огцруулчихав. Олон нийт дүгнэхдээ “Тал бүр тийш харсан олон фракц нь “алчихлаа” гэх юм?

-Манай намын удирдлагууд намаар, улс төрөөр бага тогломоор байна. З.Энхболд гэж нөхөр гарч ирээд Ц.Элбэгдоржийг унагааж байсан. Одоо Н.Алтанхуягийг унагаачихлаа.  З.Энхболдын тоглоом болчихсон байна шүү дээ, өрөвдмөөр харагдаж байна, гаднаас нь харахад.

З.Энхболдын хувьд би үнэхээр гомдолтой байна. Энэ хүнийг ийм юм хийнэ гэж үнэхээр бодоогүй. Дор хаяж тогтоол буруу гаргасан гэж бодож байгаа. Яагаад заавал Шадар сайдад Засгийн газрын тамгыг өгч байгаа юм. Ерөнхийлөгч яагаад байж болоогүй гэж.

З.Энхболд Н.Алтанхуягийг унагаахад гар бие оролцсон гэж бодож байгаа. Хурлын спикер хүн яагаад хэдэн гишүүнээ гүйцэд цуглуулж болдоггүй юм. Эцэс сүүлдээ энэ байдал чинь хэдхэн хүний бус ард түмнээрээ тоглосон явдал болчихлоо.

АН ард түмний итгэлийг ингэж хөсөрдүүлж болохгүй. Энэ байдал удаан үргэлжилбэл 2016 оны сонгуульд АН үзэгдэх ч үгүй. Олон удаагийн сонгуулийн туршлагаас харахад ийм байна. Өнөөдөр хуралдана гэж байгаа ҮЗХ-ны хурал хаалттай болдог.

Одоо ийм эгзэгтэй цаг үед нээлттэй явуулмаар байна. УИХ нээлттэй явж болж байхад АН-ын ҮЗХ-ны хурал яагаад нээлттэй явж болдоггүй юм. Хэн нэг бүдүүн бадируун залуусын хамгаалалт дор хурал хийдгээ боль. Бид ҮЗХ-ны хуралд оролцмоор байна, шаардлагаа тавьмаар байна гэдгийг дахин хэлье.

-Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар намын даргын асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн. Түүнчлэн намынхаа эсрэг кноп дарсан болон хуралдаанд ирээгүй гишүүдийн талаар ч мөн ярих юм билээ?

-Намын даргын асуудлыг авч хэлэлцэнэ гэдэг нь мөн л үндэслэлгүй юм. Хүчингүй хурлаас хүчингүй шийдвэр л гарна шүү дээ. ҮЗХ-нд сонгогдох хүсэлтэй олон сайхан залуу байгаа, манай намд. Улс төрийг заваан тоглоом л гэдэг. Гэтэл улстөрчид өөрсдөө завааруулдаг юм.

Ямар ч байсан өнөөдрийн ҮЗХ-ны хуралд бид оролцоно, оролцохын төлөө ямар ч зохион байгуулалт хийж магадгүй. Эсрэг кноп дарсан хүмүүс намын өмнө, намынхаа гишүүдийн өмнө, ард түмний өмнө үүрэг хүлээж байгаагаа ойлгохгүй байна.

Улс төрд гарчихаад популист тоглолт хийгээд, микрофоны өмнө гоё үг яриад, ард түмний Дэмбэрэл царайлах хэрэггүй л байхгүй юу. Энэ намд эвтэй байвал бай, чадахгүй бол баяртай.

Эсрэг кноп дарсан болон хуралдаанд ирээгүй гишүүд бол урвагчид. Зориуд ирэхгүй байгаа нь тэр шүү дээ. Хуралд ирээгүй нөхөд ирээд эсрэг кноп дарсан хүмүүсээс илүү новшийн амьтад. Зүрх, зориггүй.

-Тэгэхээр та намын генсекийн хэлснээр намынхаа эсрэг үйлдэл болон эс үйлдэл хийсэн гишүүдийг намаас хөөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм уу?

-Би бол хөөгөөсэй гэж бодож байна. Боломж ч байгаа. Магадгүй би эсрэг талын туйл байж болно. Гэхдээ энэ хүмүүст ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох ёстой шүү.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Н.Алтанхуягийг огцруулах эсэхэд бүлгийн дарга Д.Эрдэнбат эсрэг кноп дарсныг та хэрхэн хүлээн авсан бэ. Өөрөө бол “Кноп андуурсан” гэж тайлбарласан?

-Арай ч тэгэхгүй хүн юмсан гэж бодож байгаа. Бүлгийн дарга шүү дээ, хэрвээ санаатайгаар эсрэг кноп дарсан бол бусадтай нь адил хөөх л ёстой.

-Өнөөдрийн ҮЗХ хэрхэн болох бол. Гадуур гарч байгаа мэдээллээс харахад, "Зодоон болно" л гэх юм.Үнэхээр тийм ширүүн болдог хэрэг үү?

-Миний хувьд ҮЗХ-ны хурлыг өөдтэй болоосой гэж үргэлж л бодож, горьдож явдаг хүн. Зангидсан гар шиг байж улс орноо удирдаад яваасай ч гэж хүсдэг. Хамгийн түрүүнд амгалан тайвныг л хүсч байна.

-Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар хэр ажилласан гэж үзэж байна вэ?

-Сайн ажилласан шүү дээ, хөөрхий. Одоо суудлаасаа буусан хүнийг өшиглөөд яахав. Хувь хүн нь өөрөө хөдөлмөрч шүү дээ. Кабинетийн хувьд Х.Баттулгаас бусад нь гайгүй дэмжиж ажилласан байх. Х.Баттулга бол яахав дээ. Эрэлийн намаар дамжиж ирсэн нэг панзчин шүү дээ.

-Н.Алтанхуяг сайд байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан нь цөөнгүй гишүүнийг эсрэг кноп дарахад хүргэчих шиг боллоо. Та намын гишүүний хувьд энэ гэрээг яаж харж байгаа вэ?

-Намын аппаратад ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд, ингэж авах ёстой юм, бид. МАН бол мөнхийн өрсөлдөгч. Харин МАХН-тай 2016 оны сонгуулийн тойрогт давхардаж, хүн унагаахгүй байх үүднээс ийм гэрээ байгуулах нь зүйтэй.

Эртнээс хийж байгаа нь зөв ч байж магадгүй. Гэхдээ Гүйцэтгэх зөвлөл болон ҮЗХ-гоор оруулаагүй гэх мэт процөдурын алдаа гарсан байна лээ. Энэ нь мэдээж буруу зүйл.

-Н.Аптанхуягийн Дэнзэнгүүд ч бас түүнд багагүй “гай” болох шиг боллоо?

-Энэ хүнд нэг дутагдал байгаа нь өөрийгөө тойрсон багийг сайн хүмүүсээр бүрдүүлж чадаагүй. Л.Гансүх арай дүнгүүр нь байсан ч хэцүү байдалтай болчихлоо. Бусад нь хэдэн бацаан байгаа шүү дээ. Кекүшюзан юугаа зөвлөдөг юм бэ, тэнэг л байхгүй юу.

-АН-ын рейтинг сүүлийн үед хурдацтай унаж байна. Үүнийг“АН өөрөөсөө боллоо” гэж тайлбарлах хүн олон байна. Та санал нийлэх үү?

-Мэдээж шүү дээ. Өөр хэнээс боллоо гэх юм. АН өөрөөсөө болж байгаа. Харин дараагийн Засгийн газар гарч ирээд хэр удахыг мэдэхгүй. Нэг ингээд тоглочихоороо бурууддаг тал бий. 1996-2000 онд 4-5 засаг сольсон түүх бий шүү дээ.

“Түүх давтагдах гээд байна. Ийм юм болдог шүү” гэдгийг бид жилийн өмнөөс хэлсээр байтал ийм байдалд хүрчихлээ. “Намынхаа дүрмээр яв, наад УИХ-д байгаа гишүүд чинь биш байна, дандаа ойр дотныхоо амраг садныг албан тушаалд тавьдаг. Намын, ард түмний өмнө үүрэг хүлээхгүй байна” гэж олон удаа хэлсэн.

-Ингэхэд танай жигүүрийг хэн тэргүүлж байна вэ. Б.Муратыг намаасаа консулын албан тушаал “шагнал”-д аваад явчихсан гэдэг?

-Жигүүрийн албан ёсны удирдагч нь Х.Ганболд гэж залуу бий. Мурат маань ирж амжихгүй байна. Гэхдээ бид хоорондоо зөвлөлдөж байгаа.

М.Өнөржаргал