“Michael Jackson Immortal Word Tour”-ийн уран нугараач, СТА Э.Баасансүрэнг танихгүй хүн ховор. Тэрбээр Монгол улсынхаа нэрийг дэлхийн циркчидийн ажиллахыг хүсч мөрөөдөж, тэмүүлж явдаг “Нарны цирк”-д орон мандуулж яваа нугараач бүсгүй.

2006 онд Канадын Монреаль дахь “Цирк дю Солей”-н төв байгууллагаас сонгон шалгаруулагчид Монголд ирж дэлхийн хэмжээний авьяастнуудыг хайсан нь эзнээ олж, Бааска “Цирк дю Солей”-н дансанд оржээ. Түүний хамгийн анхны тоглолт нь эргэдэг ширээн дээрх хос нугаралт байж.

“Michael Jackson Immortal Word Tour”-т налуу байрлалтай, гулсамтгай материалаар хийгдсэн аварга номон дээр аймшгийн дүрд хувирч нугаруулахаар төлөвлөсөн гэдэг. Таван сар хөдөлмөрлөсөний дараа "Бид 25 жилийн турш нугаралтыг ийм гадаргуун дээр эрс өөр шийдлээр хийж чадна гэдэгтээ итгэлгүй байсан. Харин чи чадлаа” гэсэн урмын үгээр шагнагадсанаас хойш өнөөг хүртэл энэ их том айлд харьяалагдаж дэлхийн улс орнуудаар тоглолтоо толилуулсаар яваа билээ. 

Ингээд авьяаслаг нугараач Э.Баасансүрэнгийн зургийн цомгоос сонирхуулж байна. Тэрбээр өөрийгөө "Айвал 10 үхнэ, хүссэнээ заавал биелүүл" хэмээн зоригжуулдаг.

Д.Ана