Философийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй болохын тулд аль ч их дээд сургуульд дунджаар дөрвөн жил суралцаад төгсдөг. Гэтэл буддын шашны гүн ухааны ийм зэрэгтэй болохын тулд найман жил, цаашилбал магистр болохын тулд дахин дөрвөн жил суралцах шаардлагатай байдаг аж.

Энэ тухай Дарамсала хотод сурч, амьдарч буй монгол иргэдтэй Монгол улсаас Энэтхэг улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баяраа уулзах үеэр тэд онцолсон юм.

Элчин сайд С.Баяраа Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чиглэлээр явуулж байгаа бодлого үйл ажиллагааны талаар, ялангуяа хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар баримталж буй бодлого, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, суугаа орны зарим хууль журмаас танилцуулав.

Мөн гадаадад бага наснаасаа удаан хугацаагаар сурч байгаа монгол иргэд эх хэл, түүх соёлдоо суралцах, эх орныхоо амьдрал, хөгжил цэцэглэлтийн тухай тогтмол мэдээлэл авч байх тал дээр ЭСЯ-наас анхаарч ажилладаг талаар дуулгасан юм.

Иргэд ихэнхдээ суугаа орны хууль тогтоомж, бүртгэл бичиг баримт, оюутан сургалт, Засгийн газрын тэтгэлэгийн талаар асууж, хариулт авлаа. Лам нарын зүгээс тавьж буй хамгийн гол асуудал бол маш олон жил суралцаж төгсөөд эх орондоо очсоны дараа тэдний дээд боловсролыг бусад мэргэжлийн хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй тул энэ асуудлыг төр засгийн холбогдох багууллагад уламжилж, ЭСЯ-ны зүгээс анхаарал тавьж, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.