Өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн өдрүүдэд "Найман шарга" дээрх ам.долларын ханш арав орчим төгрөгөөр өссөн нь засаг бужигнаснаас болж валютын ханш савлаж эхэллээ гэх болгоомжлолыг олон нийтэд төрүүлсэн.

Ам.доллар өсөх эрсдэл бий юу гэсэн асуултад хариу хайлаа. Эдийн засгийн суурь балансаараа болж ам.доллар өсөх ямар ч үндэслэл байхгүй гэж шинжээчид хэлж байна. Эдийн засагт эрэлт, нийлүүлэлт гэсэн хоёр том баланс бий. Ам.доллараар гаднаас авдаг барааг эрэлт, ам.доллар авч гадагш нь зардаг маань нийлүүлэлт. Ер нь жил бүр л бид олдог доллараасаа илүү хэмжээний доллар зарж гаднаас юм авдаг байсан. Өнгөрсөн жил гэхэд л монголчууд олсон доллараасаа нэг тэрбум 400 сая ам.доллар илүү зарж гаднаас юм худалдан авч зориулж байв. Ам.долларын ханш 1800 хүртэл өндрөө авсны гол шалтгаан нь энэ. Харин энэ жилийн эхний гурван сарын байдлаас харахад манай улсын худалдааны балансын алдагдал өмнөх жилийнхтэй харьцуулахад нэг тэрбум 400 сая ам.доллараар буучихаад байна. Өөрөөр хэлбэл бараа эргэлтийн баланс маань 335 сая ам.долларын ашигтай гарчихаж. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд гарч байгаагүй статистик. Өмнө нь бид олсноосоо илүү долларыг гадагш нь бараа худалдаж авдаг байсан бол өнөөдөр байдал эсрэгээрээ болсон гэсэн үг. Ийм үед ханш өсөх боломжгүй гэж шинжээчид хэлж байна. Харин ч эсрэгээрээ төгрөг чангарах нөхцөл үүсчихээд байгаа аж. Хэрвээ энэ үед доллар өсвөл ханшийн зөрүүнээс ашиг хийх зорилготой хүмүүсийн үйл хөдлөл гэж тайлбарлахаас аргагүй гэнэ. Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг "Долларын ханшийг өсгөх сонирхолтой, ханш өсөхөөр доллар худалдаж авч, ханшийн өсөлтийн үнийн зөрүүн дээрээс ашиг хийдэг хүмүүс байдаг. Банкууд, ченжүүд гэгддэг валютын цэгийнхэн, тодорхой хэмжээний мөнгөний илүүдэл хуримтлалтай хүмүүс валютын ханшин дээр тоглох хандлага байдаг" гэж ярилаа.

Банкуудын хувьд худалдааны балансын алдагдал буурч хасахтай биш нэмэхтэй гарсан ийм үед валютын ханшин дээр тоглолт хийх үндэс байхгүй аж. Учир нь тэнд эдийн засагчид ажилладаг. Бараа эргэлтийн баланс ашигтай гарсан энэ үед доллар өсөх боломжгүй гэдгийг тэд мэднэ. Харилцагчдаасаа төгрөгөөр хадгаламж авсан үед том зээлдэгч нь доллараар зээл авлаа гэж бодъё. Энэ тохиолдолд долларын авлагатай болно гэсэн үг. Үүнийгээ банкныхан доллараар урт гэж ярьдаг юм билээ. Доллараар урт гэдэг нь мэргэжлийн жаргон маягийн үг бололтой. Энэ тохиолдолд долларын ханш өсвөл банкинд ашигтай, ханш нь уначихвал алдагдалтай гэдэг нь тодорхой. Эсрэгээр нь тухайн банкинд хадгаламж доллараар ороод ирчихсэн байлаа гэж төсөөлье. Ийм үед төгрөгөөр зээл гаргавал банкны авлага төгрөг болж хувирна. Харилцагчийнхаа хадгалуулсан долларыг төгрөг болгосон энэ байдлаа банкныхан доллараар богино гэдэг юм билээ. Ам.долларын ханш чангарвал алдагдал нь банкны нуруун дээр ирнэ гэсэн үг. Валютын ханш савлагаатай үед балансаа барьж чадахгүй байгаа учраас банкуудын доллар авах, өгөх ханшийн зөрүү нь өндөр байдаг гэж эдийн засагчид ярьдаг. Савлагаа ихтэй үед банкууд аль талд нь гарахаа мэдэхээ байчихдаг гээд тайлбарлачихаж болно. Гэхдээ аль ч улсын банкууд тэглэх бодлого барихыг илүүд үздэг юм байна. Урт ч биш, богино ч биш байхыг чухалчилдаг гэсэн үг. Төгрөгөөр авсан хадгаламжаа төгрөгийн зээл, доллараар авсан хадгаламжаа долларын зээл болгох маягаар харьцааг нь тэнцүүлдэг гэсэн үг л дээ. Манай арилжааны банкуудын хувьд заримдаа доллараар урт, заримдаа богино болчихдог гэнэ. Бүгд нэг талдаа ханарсан буюу бүгдээрээ урт болох үе ч байдаг аж. Долларын ханш өсөх үү, буурах уу гэсэн хүлээлттэй болсон үед ийм тал анзаарагддаг байна. Долларын ханш өснө гэсэн хүлээлт үүсвэл доллараар урт болохыг эрмэлздэг гэсэн үг. Яг өнөөдрийн хувьд манай арилжааны банкуудад тэглэх хандлага давамгайлж байгаа аж. Шалтгаан нь өмнө дурдсан бараа эргэлтийн балансаас үүдэлтэй.

Ийм үед Оюу толгой гацаанаас гарч гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээд эхэлбэл төгрөг чангарах бүрэн боломжтой гэсэн өөдрөг таамгийг зарим шинжээч хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл банкууд тэглэх чиглэл рүү орох гэнэ. Доллар, төгрөгийн харилцаагаа тэнцүүлнэ гэсэн үг. Заримынх нь хувьд доллараар богино болохыг ч эрмэлзэнэ гэж эдийн засагчид онцолж байна. Ингээд бодохоор мөнгөний илүүдэл хуримтлалтай хүмүүс ч юм уу, валютын цэгүүдэд л ханш өсгөх тоглолт өрнөхгүй бол өөр бодитой эрсдэл алга.

Засаг бужигнасан үед гадаадын хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрч, хөрөнгөө оруулахаа азнана, ийм шалтгаанаар долларын ханш өсөх эрсдэл бий гэсэн болгоомжлолыг шинжээчид үгүйсгэж байна. Харин ч засгийг унагана, унагахгүй гэсэн тодорхой биш яриа, хэлээнд цэг тавьсан нь сайн хэрэг гэнэ. Шинэ засаг гарч ирээд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн чигийг идэвхтэй барьж ажиллаад эхэлбэл найдвар байгаа аж. Олон улсын зах зээл засаг унасныг эрсдэл гэж харахгүй байгаа ч үгүйсгэх аргагүй өөр нэг эрсдэл бий. Одоогоор Ерөнхий сайдад хэн нэр дэвших нь тодорхой биш байна. АН-ын ҮЗХ хуралдаад ч дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч дээр нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг цаг алдалгүй тодорхой болгочихвол гадаадад хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрөх вий гэсэн айдасгүйгээр амьдрах бүрэн бололцоотой. Удахгүй байгуулагдах шинэ засгийн хувьд эдийн засагт хамаатай өөр нэг болгоомжлол байгаа. Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч "Өмнөх Засгийн газрууд шиг урьдах засгийн хийсэн бүхнийг харлуулаад бүхнийг шинээр эхэлнэ гэвэл эхний хохирогч нь бизнесмэнүүд болно. Бизнес эрхлэгчид хохирно гэдэг нь тэдэнд ажиллаж буй ажилтнууд хохирно гэсэн үг. Өргөн утгаараа иргэд хохирч байгаа хэрэг. Замын тендер зарлаж нэг компанийг сонгон шалгаруулчихсан байлаа гэж бодъё. Нөгөө компани нь эхний хөрөнгө оруулалтаа хийж, ажилчдаа сургаж, тоног төхөөрөмжөө худалдаж авчихаад байтал засаг солигдоод ажлыг нь зогсоочихвол хэцүү. Зам гүүр, онгоцны буудал барих, сургууль эмнэлэг засах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийх гэдэг бол засаг төрийн тасралтгүй үргэлжлэх бодлогын хүрээнд хийгддэг ажлууд. Ийм онцлогтой бодлогоо үгүйсгээд байвал гадаадын хөрөнгө оруулагчид болон олон улсын зах зээл, дотоодын бизнес эрхлэгчид төрд итгэхээ байчихдаг" гэж ярилаа.

"Мандал даатгал"-ын шинжээчид оны эхээр ам.долларын ханшийг 1900 хүртэл өсөх эрсдэлтэй хэмээн таамаглаж байсан. Гэхдээ гадаад худалдааны нөхцөл байдал сайжрахгүй бол гэсэн тодотголтойгоор. Гэтэл өнөөдөр худалдааны баланс 335 сая ам.долларын ашигтай гарч байна. Долларын ханш өнөөдрийнхөөс ч уруудах нөхцөл аль хэдийнэ бүрдчихсэн гэсэн үг. Гэхдээ шинэ засаг байгуулагдаж хэрэгжүүлэх бодлогоо зарлахаас нааш долларын ханш тэгж ингэж буурна гэсэн таамаг хэлэх боломжгүй гэж эдийн засагчид хэлж байна. Шинэ Засгийн газар цаг алдалгүй байгуулагдаж, "Рио"-той учраа олчихвол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, тэр үед долларт 1700 төгрөг хүртэл буух боломжтой гэсэн урьдчилсан таамаг бий. Сая дурдсан төсөөлөл ажил болвол ам.долларын өнөөдрийн ханш хамгийн дээд ханш болох гэнэ. Шинэ Засгийн газар өмнө засгийн ололттой ажлыг нь үргэлжлүүлээд алдааг нь засаад явбал жилийн дараа ам.долларын ханш 1600 хүрч буух таамаг ч шинжээчдийн дунд яригдаж байна.

Бас нэг таатай мэдээ гэвэл эдийн засаг өнөөдрийнхөөс муудах ямар ч үндэслэл байхгүй гэнэ. Эдийн засаг өсөлт, уналт, тогтворжилтын гэсэн циклиүдээр үргэлжилдэг. Циклээр нь харвал бид бүсээ чангалаад аль хэдийнэ хоёр жил болсон гэнэ. Уруудах цикл маань ерөнхийдөө дуусч байгаа бололтой. Тодруулж хэлбэл хэрэглээний таналт хоёр жил үргэлжилжээ. ДНБ энэ оны эхний гурван улирлаар долоон хувийн өсөлттэй гарсан. Энэ тоо эдийн засгийн онолын үүднээс л өсөлт гэж харагдаж байгаа гэсэн тайлбарыг шинжээчид өгч байна. ДНБ-ий өсөлтийг бүрдүүлсэн салбар нь зөвхөн уул уурхай, барилга хоёр. Хэрэглээний салбар энд огт дурдагдахгүй гэсэн үг. ДНБ-ий 50 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарт өсөлт явагдаагүй аж. Хэрэглээний зах зээл унасан гэх гээд байна л даа. Бүр тодруулбал иргэдийн хэрэглээ, бизнесмэнүүдийн бизнесээ тэлэх шийдвэр дээр аль хэдийнэ уналт явагджээ. Энэ цикл жам ёсоороо тодорхой хугацаанд хадгалагдана. Тэгээд эрэлт эргэж сэргэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт сэргэлээ л бол бүсээ чангалсан хүмүүсийн эрэлт сэргэнэ, худалдан авалтаа хийж эхэлнэ, бизнесмэнүүд ажилчдаа халах биш, харин ч шинээр ажилчид авч эхэлнэ гэсэн өөдрөг таамаг байна. Хоёр жилийн турш бүсээ чангалсан ийм нөхцөлд Монголын эдийн засагт одоогийнхоос дор байдал үүсэхгүй, эдийн засгийн уналт, хямрал цааш үргэлжлэхгүй гэдэг бол олзуурхмаар мэдээ. Хоёр жилийн турш таналт явагдсан, иргэд, бизнес эрхлэгчид нь ийм удаан хугацаанд бүсээ чангалсан тохиолдолд шинээр байгуулагдах Засгийн газар хэрэглээг дэмжих бодлого явуулах учиртай гэнэ. Хэрвээ хэрэглээг танах бодлого явуулбал эдийн засаг жинхэнэ утгаараа хямарна гэсэн таамаг байна.

Ц.БААСАНСҮРЭН