Дундаж америкчууд насаараа байшин, автомашины лизингийн өр төлж амьдардаг. Тэрхүү лизингийн өрөө бүрэн төлж, илүү баян тансаг, цалинтай, орлоготой амьдрахын төлөө зүтгэдэг билээ.

Хэн хүнээс дутахааргүй, хамгийн сайхан амьдрахыг хүсэх нь “Америк мөрөөдөл” юм. Мэдээж “Америк мөрөөдөл” тэр бүр биеллээ олдоггүй. Гэхдээ тэрхүү сая сая америкчуудын мөрөөдөл яван явсаар улсынхаа эдийн засгийг урагш чирдэг жамтай. Нэг ёсондоо дундаж америкчуудын байшин, автомашиндаа өгч буй төлбөр, хуримтлуулж буй орлого улсынхаа эдийн засагт маш том хувь нэмэр болж буй юм. Харьцангуй чинээлэг дундаж давхаргын нийгэмд эзлэх байр суурийг томсгож чадсан учраас Америк өнөөдөр эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байна. Тэгвэл америк мөрөөдөл тун удахгүй Монголд биеллээ олох боломж бүрдэх гэж байна. Америкчуудын адилаар монгол хүн бүр байрны лизингийн зээлд хамрагдаж, сар бүр орон сууцандаа мөнгө хуримтлуулж эхэлнэ гэсэн үг. Монголын эдийн засагт дундаж давхаргын эзлэх байр суурь хэтэрхий бага байгаа. Орон сууцны зээлээр дамжуулан дундаж давхаргын хуримтлалыг дэмжиж, тэдний нийгэмд эзлэх байр суурийг томсгох юм. Ингэснээр иргэдийн амьдрах орчин сайжирч, утаа багасч, эмнэлэг сургуулийн хүрэлцээ ч нэмэгдэнэ. Товчхондоо цаашдаа Монголын эдийн засаг тогтвортой, хурдтай өсөх нөхцөл бүрдэх нь. Удахгүй хэрэгжиж эхлэх найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр энэ боломжийг монголчуудад нээж өгөх юм. Саяхныг хүртэл 17-18 хувийн өсөлттэй байсан инфляцийг Төв банкны бодлогын хүрээнд огцом бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангснаар ийм бодлого хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэдгийг онцлох ёстой байх.

 

Байрны үнэ өсөхгүй

Нийслэлийн иргэдийн 60-аас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэд бүгд байртай, автомашинтай болохыг хүсэж буй. Нэг ёсондоо амьдралаа дээшлүүлье гэсэн “Америк мөрөөдөл” монголчуудад бий болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Гагцхүү мөрөөдлөө биелүүлэх боломж нь байсангүй. Өмнөх засаг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэн бүрийн орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харамсалтай нь уг хөтөлбөр ямар ч судалгаа, үндэслэлгүй, санхүүжилтийн дутагдалтай байсны дээр зүгээр байсан орон сууцны үнийг “тэнгэрт тултал” хөөрөгдөж орхисон. Засаг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийн эрэлтийг өдөөж өгчихөөд нөгөө талдаа орон сууцны нийлүүлэлт тал дээр анхаарч чадаагүй нь ийн сөрөг нөлөөллөө үзүүлсэн хэрэг. Үүнээс гадна өмнөх хөтөлбөрт маш олон гажиг, дутагдал байсан нь нэгэнт тодорхой болчихсон. Харин шинээр хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөр юугаараа ялгаатай вэ. Хамгийн түрүүнд нийлүүлэлт тал дээр онцгой анхаарал хандуулж, эрэлтийг нийлүүлэлттэйгээ уялдуулж дэмжинэ. Нийлүүлэлт эрэлтээсээ их байх нөхцлийг бүрдүүлснээр орон сууцны үнийг тогтворжуулна гэж буй. Энэ хүрээнд барилгын компаниудад олгох зориулалт бүхий 380 тэрбум төгрөгийн зээлийн шугамыг Монголбанкнаас арилжааны банкуудад саяхан нээж өглөө. Уг 300 тэрбум төгрөгийг нэр бүхий банкууд зөвхөн барилгын зориулалттайгаар гаргах үүрэг хүлээж байна. Нөгөө талаас мэдээж 380 тэрбум төгрөгийг барилгын компаниудад өгчихөөд 800 тэрбум төгрөгөөр эрэлтийг дэмжихгүй. Бага багаар, шат дараатайгаар гаргана гэж буй. Эрэлт, нийлүүлэлтийн хооронд ямар нэгэн зөрүү үүсэхгүй. Тийм учраас үнэ өсөхгүй гэсэн үг.

 

Хөтөлбөрт хэн хамрагдах вэ

Сардаа нэг сая хүртэлх төгрөгийн орлоготой байхад л хангалттай. Хэрвээ хоёр ам бүлтэй бол сарын орлого сая төгрөгт хүрэхгүй иргэд бараг л байхгүй болов уу. Тийм учраас энэ удаагийн хөтөлбөрт хамрагдах боломжтой хүн олон байна. Анх удаагаа орон сууцанд орох хүсэлт гаргасан байх гэх мэт илүү дутуу шаардлага байхгүй. Гол нь орлогын босгыг л давах хэрэгтэй. Тэгээд ашиглалтад бүрэн орчихсон байгаа бол хүссэн орон сууцаа урт хугацааны зээлээр авах боломжтой. Мэдээж 10-30 хувийн урьдчилгаа төлбөрөө төлнө. Нөгөөтэйгүүр энэ удаагийн хөтөлбөр ямар нэгэн эх үүсвэрийн гажигтай холбоотойгоор гацахгүй. Эхлэлийн хөрөнгийг Монголбанк гаргаад цаашдаа Монголбанкгүйгээр ч хэрэгжээд явах боломжтой юм. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн шаардлагыг хангасан ч орон сууцандаа орж чадаагүй, эсвэл банкны зээл шийдэгдээгүйгээс болж орсон байрнаасаа хөөгдөхдөө тулаад байгаа иргэд байна. Тэд өлсгөлөн зарлахдаа хүртэл тулсан удаатай. Үүн шиг асуудал дахин гарахгүй юм. Засгийн газрын нас, эсвэл Монголбанкны удирдлагын хэрэгжүүлж буй бодлогоос хамаарахгүйгээр урт хугацаандаа хэрэгжээд явах боломжтой. Нэг талаас эрэлтийг дэмжээд, нөгөө талд мөнгөний эх үүсвэрийг хангалттай шийдээд өгчихнө. Хамгийн гол нь үүнтэйгээ уялдуулаад нийлүүлэлтийг дэмжиж өгч байна. Эрэлт, нийлүүлэлт болон санхүүгийн эх үүсвэр тал дээр ямар нэгэн гацаа үүсэхгүй. Монголын нөхцөлд хамгийн чухал нь нийлүүлэлт болчихоод байгаа. Хэчнээн мөнгөтэй байсан ч нийлүүлэлт байхгүй бол ямар ч нэмэргүй. Засгийн газар Монголбанк хамтраад нийлүүлэлтийг маш олон хэлбэрээр дэмжиж байгаа гэдгийг дээр дурьдсан. Орлого нь нэг сая төгрөгт яагаад ч хүрэхгүй, боломжгүй өрх, айлд зориулсан хөтөлбөрийг засаг тусад нь боловсруулж буй. “Ахмадын орон сууц” хөтөлбөр гэх зэргээр түрүүчээсээ яригдаад эхэлсэн билээ.  

 

Америк мөрөөдөл Монголд хэрэгжих цагт

Хүн бүр орон сууцтай болно. Улмаар хүчирхэг дундаж давхарга бий болж, улсын хөгжлийг чирнэ гэдгийг дээр дурьдсан. Үүнээс гадна орон сууцандаа хуримтлал үүсгэж буй хүмүүсийн гадагш шууд гаргах зарцуулалт багасах юм. Монголчууд цалингаа аваад шууд л худалдан авалт хийж байгаа нь инфляцид багагүй дарамт болж буй. Тэгвэл хүн бүрийг орон сууцанд оруулж, зээлд хамруулснаар энэ дарамтыг бууруулах юм. Ипотекийн зээлийн 95-аас дээш хувь нь эргэн төлөгддөг гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл, хүмүүс нэгэнт байрандаа орсон бол тэр бүр зээлээ чанаргүйдүүлээд байдаггүй гэсэн үг. Тэгэхээр хэрвээ зээлийн тогтолцоо хэрэгжээд эхэлбэл, иргэдийн халааснаас худалдан авалт руу шууд урсаж буй мөнгөний 50 хувь нь банкны системд эргэн ирэх нь байна. Худалдан авалт 50 хувиар буурахыг дагаад инфляцийг нам дор төвшинд байлгах, жолоодох ч боломж бүрдэнэ. Монголбанк инфляцийг оны эцэст найман хувьд барих зорилт тавьсан. Цаашилбал зургаа ба түүнээс бага төвшинд очих ёстой. Энэ зорилтод хүрэхэд ипотекийн зээлийн тогтолцоо маш том үүрэг гүйцэтгэх нь. Иргэдээ ч орон сууцжуулна, инфляциа ч бууруулах нь. Нэг сумаар хоёр туулай буудаж байгаа биз. Яах аргагүй сайхан мэдээ. 

Л.Энхдэлгэр