Улсын их хурлаас баталсан 2015 оны Улсын төсвийн тухай хуульд тусгагдсан, Засгийн газрын 2014 оны 252-р тогтоолоор батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр Соёл Спорт Аялал Жуулчлалын яамнаас хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тус хэвлэлийн хуралд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Сайдын зөвлөх Ц.Төмөрбаатар, Соёл, урлаг хөгжүүлэх сангийн захирал Н.Батмөнх, СУБХЗГ-ын дарга З.Баянзул, СУБХЗГ-ын мэргэжилтэн Ц.Алтанцэцэг нар оролцож хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийнхэнд хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хийлээ.

   “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийн үндсэн зорилго нь монгол уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх замаар уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүмүүжүүлэх, монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

   Тэрбээр “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр нь эхний ээлжинд 5 тэрбум төгрөгний төсөвтэйгээр Телевиз, Радио, Кино, Цахим орчин дахь үндэсний мэргэжлийн уран бүтээлчдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж санхүүгийн тодорхой хэмжээний дэмжлэгийг төрөөс үзүүлэхээр тогтжээ. Түүнчлэн эдгээр зорилтуудыг хөтөлбөрт дэлгэрэнгүй тусгасан бөгөөд хөтөлбөрийг ССАЖЯ-ны www.mcst.gov.mn сайтаас татан авч танилцах боломжтой юм. Мөн энэ дашрамд дуулгахад хөтөлбөрт төслөө ирүүлэхээр сонирхож буй уран бүтээлчид 5.1-5.4 дүгээр заалтуудтай анхааралтай танилцаж, тус заалтуудын дагуу төслөө ирүүлэх аж.

   “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг өнөөдрөөс эхлэн 2015 оны 2-р сарын 26-ны өдрийн 15:00 цаг хүртэл, Соёл урлаг хөгжүүлэх санд хүлээн авах гэнэ. Ийнхүү Телевиз, Радио, Кино, Цахим орчин бүтээж туурвидаг эрхэм уран бүтээлчид та бүхнийг хөтөлбөртөө идэвхитэй оролцохыг урьж байна.

 photo IMGS9211_zpsf83ea140.jpg  photo IMGS9213_zpsc50739c2.jpg  photo IMGS9218_zps307e1a84.jpg  photo IMGS9203_zps6fdf4cf8.jpg  photo IMGS9202_zps9ba8e6f7.jpg  photo IMGS9204_zpsc3c72ed6.jpg  photo IMGS9216_zpsb2964275.jpg  photo IMGS9205_zps3f2836a5.jpg
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ