Монгол улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэгт хамтрах санал тавьсан. Энэ саналыг МАН  хүлээн авах гэж хэдэн өдөр сунжирч, сүр дуулиантайгаар Засагт хамтран ажиллахаар болсон. Иргэний зориг ногоон нам “уламжлалаа” хадгалан  хамтрахаар болсон.

Харин МАХН-МҮАН-ын  “Шударга ёс” эвслийн бүлэг  хэрвээ Ч.Сайханбилэгийн засгийн газарт МАН орох юм бол  2012 онд  АН-МАХН-ын хооронд үзэглэсэн гэрээ хүчингүй болно хэмээн  “хошуугаа унжуулсан”. Гэвч эвслийн бүлгийн улс төрийн эрхлэлт  цаг үеээ олсонгүй юу, газар авсангүй юу гэнэт л хамтрахаар болчихлоо.  Тодруулбал, өчигдөр орой МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдсан байна.  Улмаар засагт  хамтрах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд АН-тай байгуулсан гэрээнийхээ хэд хэдэн зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. МАХН нь ингээд шийдчихээр  МҮАН нь дагаад засагт орохоос өөр яахав.

МАН-ын  зүгээс хэн хэнийг сайд болгох тохироогоо ерөнхийд нь хийчихсэн гэж байгаа.  Харин МАХН-аас хэнийг сайд болгохоо хараахан шийдээгүй бололтой юм. Юутай ч Н.удвал сайдыг “намнах” нь тодорхой болсон гэх.  Харин энэ цаг үед  намдаа гомдоод байгаа Л.Цог гишүүн  намынхаа гишүүдийн булхайг дэлгэчихгүй л бол хэн хэн сайд болох нь асуудал  урсгалаараа  шийдэгдэх  хэрэг гэдгийг эх сурвалж мэдээллээ.