"Гоёл-2015" наадам уржигдар Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. 26 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд загвар зохион бүтээх 22 салон, шилдэг 50 загвар өмсөгч оролцсон. 

Дэлхийн супер модель Ирина Пантаева урилгаар ирж оролцсон нь наадмын чимэг болж байлаа. Тус наадамд үе, үеийн топ моделиудаас Г.Уранцэцэг, О.Уянга, Ч.Уранбилэг, Ч.Ундрах, О.Пүрэвдулам, С.Ариунбилэг нар оролцсон. Харин Э.Одгэрэл тайзан дээр алхалгүйгээр шилдэг загвар өмсөгчид шагнал гардуулан өгсөн юм. Дизайнеруудын гранпри шагналыг "Говь" компанийн дизайнер Э.Батцэцэг "Эдүгээ" коллекциороо хүртсэн бол шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Г.Болор-Эрдэнэ, шилдэг эмэгтэй загвар өмсөгч П.Халиунаа, дэд байрт М.Наранмандах, шилдэг загварын товчоогоор "Монголжингоо", шилдэг нүүр хувиргагчаар Наранмандах, шилдэг үсчнээр Баярчимэг, шилдэг дизайнераар үндэсний хувцасны төрөлд "Шилмэл загвар"-ын Өнөболор, уран сэтгэмжтэй төрөлд Энхсайхан, өдөр тутмын хувцасны төрөлд Батзогсоол, ирээдүйтэй залуу дизайнераар Томи, тусгай байрын шагналт дизайнераар Хоролмаа, Эрдэнэзул, Бямбацэрэн нар тус тус шалгарлаа. Энэ үеэр "Гоёл-2015" наадмын топ моделиор шалгарсан Х.Бадамгэрэлтэй ярилцлаа.

-"Гоёл" наадмын отгон топ моделиор шалгарсанд баяр хүргэе. Маш их догдолж байх шиг харагдлаа?

-Үнэхээр их баяртай байна. Наадам эхлэхээс л миний сэтгэл их догдолж байсан. Нэг тийм сайхан мэдрэмж төрөөд байлаа. Эцсийн мөчид "Гоёл-2015" наадмын топ модель Х.Бадамгэрэл гээд зарлахад өөрийн эрхгүй нулимс унагасан. Нулимсаа барих тийм ч амар биш юм.

-Гэр бүлийн хүн тань тайзан дээр гарч ирж баяр хүргээд нэлээн удаан тэвэрч зогссон. Бас чихэнд чинь юм хэлээд байх шиг байсан. Юу гэсэн бол?

-Топ моделийн шагналыг дэлхийн супер модель Ирина Пантаевагаас гардаж авлаа. Энэ хүн Америкийн төдийгүй дэлхийн хэмжээнд нэр хүндтэй топ модель. Ийм хүнээс шагнал авсандаа бэлгэшээж байгаа. Топын цомоо аваад үзэгч олондоо мэхийн ёслоод зогсож байтал хань минь тайзан дээр гараад ирсэн. Тэвэрч аваад үнсэхэд нь бас л уйлчихсан. Чамаараа их бахархаж байна, дэндүү их хайртай шүү гэж чихэнд минь шивнэлээ. Хайртаасаа өдөр бүр сайхан үг сонсдог ч гэлээ тайзан дээр гүйж гарч ирээд хайртай гэдгээ хэлэхэд нь бүр их баярлаж байлаа.

-Таныг топ модель болохыг мэдсэн юм шиг сагс дүүрэн цэцэгтэй ирсэн нь бас л содон харагдаж байна лээ?

-Тайзан дээр гарч ирэхдээ сагс дүүрэн сарнай барьчихсан зогсож байсан. Уг нь өдөржин миний арын ажлыг зохицуулж гүйсэн юм. Хэдий завандаа авсан юм бол доо гэж бодоод хайр хүрч байв.

-Та хоёр хүүхэдтэй болсон байх аа?

-Нэг хүүхэдтэй. Хүү минь одоо ой гарантай. Эмээ өвөөтэйгээ гэртээ үлдсэн.

-Таныг тайзан дээр гарч ирэхэд үзэгчид алга ташин дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өөртөө итгэлтэй байв уу?

-Яг топ модель болно гэсэн бүрэн дүүрэн итгэл байгаагүй. "Гоёл" наадамдаа амжилттай оролцъё гэж бодсон. Тайзан дээр гараад алхаж байхад олон хүн алга ташиж байсанд их урамшсан. Үзэгчдийн алга ташилтаас эрч хүч авч өөртөө итгэх итгэл улам бүр нэмэгдэж байлаа.

-Энэ жил Х.Бадамгэрэл топ болно гэх яриа наадмын өмнө гарч байлаа. Та анзаарсан уу?

-"Гоёл" наадам дөхөөд ирэхээр тиймэрхүү яриа гардаг. Олон түмэн биднийг харж байгаа. Тэгэхээр хэн нь ямар байгааг гадарладаг биз. Ерөнхийдөө хоёр жилийн өмнөөс л миний нэр яригдаж эхэлсэн. Өнгөрсөн жил би хүүгээ төрүүлчихээд удаагүй байхдаа "Гоёл"-ын тайзан дээр гарч ирсэн. Үзэгчдээ, тайзаа хүндэтгээд оролцсон. Нөгөө талаар ээж болсон олон эмэгтэйд урам зориг итгэл найдвар өгөх болов уу гэсэн зорилго байлаа. Мөн миний ард олон хүний хөдөлмөр байдаг. Хайрт хань, ээж, хүү болон "Andra model management" агентлагийн хамт олон минь бий.

-Таны хувьд загварын тайзнаа хэдэн жил гарч байна вэ?

-Би 2004 онд загварын ертөнцөд хөл тавьж байлаа. Харин "Гоёл"-д оролцож эхэлсэн нь 2006 он. Тэр үеэс хойш "Гоёл" наадмыг алгасаагүй. Жил бүр л арванхоёрдугаар сарыг догдлон хүлээж наадамдаа бэлддэг. Загвар зохион бүтээгчдийн бүтэн жилийн хөдөлмөрийг бид үзэгчдэд хүргэдэг. Тэр утгаараа хариуцлагатай байх ёстой. Дизайнеруудынхаа хөдөлмөрийг харуулж тэднийхээ урласан хувцсыг амилуулах юмсан гэх итгэлээр өнөөдрийг хүртэл тайзан дээр гарлаа. Хөдөлмөрөө үнэлүүлж чадсандаа ч баяртай байгаа. Миний хөдөлмөрийг үнэлсэн Монголын дизайнеруудын холбоо, үе үеийн топ моделиуд, тайзнаа өрсөлдсөн загвар өмсөгчдөдөө баярлалаа гэдгээ хэлмээр байна. Жил бүр шилдгээр шалгардаг топ моделиудаас үлгэр дууриалал авдаг болохоор загварын тайзнаа амжилттай алхаж байгаа гэж боддог. Одоо өөрөө топ модель болчихлоо. Энэ том нэр хүндийг өндөрт өргөж явна аа.

-Загвар өмсөгч болгосон багш тань хэн байв?

-Миний хамгийн анхны багш Халиунаа. Багш минь өнөөдөр шилдэг загвар өмсөгчийн шагнал авлаа. Би багшаасаа алхаа гишгээ, хувийн зохион байгуулалт гээд бүх зүйлийг сурсан. Манай багшийн онцлог гэвэл дэндүү сайхан сэтгэлтэй. Ийм мундаг хүний шавь болсондоо маш их талархдаг. Багш минь надад тус дэм урам зориг өгдөг. Амьдралын минь амжилтын эхлэлийг тавьж өгсөн багшдаа маш их баярлалаа гэж хэлье.

-Багш шавь хоёр нэгэн уралдаанаас хамтдаа шагнал авна гэдэг бас сайхан тохиол байна шүү?

-Тийм ээ. Багштайгаа шагналын тавцанд хамтдаа зогсох сайхан байлаа. Бас эрэгтэй шилдэг загвар өмсөгч Болор-Эрдэнэ миний хар багын найз байгаа юм. Бид хоёр 2004 оноос эхлэн Халиунаа багшийнхаа дамжаанд бүртгүүлэн суралцаж байлаа. Тэр үед манай багш "Шилмэл загвар" агентлагийн модель байсан. Тиймээс би бас тэндхийн модель болж байжээ. Өнөөдрийн миний амжилт "Шилмэл загвар" агентлагтай салшгүй холбоотой.

-Энэ жилийн хөтлөгч Э.Ууганбаяр таны сайн найзуудын нэг. Тэгэхээр тайзан дээр ер нь л ойр дотныхонтойгоо байжээ дээ?

-Бас л аз завшаанаар тэгээд таарчихлаа. Э.Ууганбаяр бид хэд гэр бүлийн найзууд. Намайг топ модель болоход бас их баярласан байх. Ханийг минь тайзан дээр гарч ирж надад баяр хүргэхэд гар утсаараа бичлэг хийж байх шиг харагдсан.

-Таны нүүрний будалт их өвөрмөц харагдаж байна лээ. Ямар хүмүүстэй хамтарч ажиллав?

-Миний өнөөдрийн үсний засалт, өнгийг "Жей" салоны үсчин Хосоо, Ганаа хоёр маань хариуцаж ажилласан. Харин нүүр будалтыг Эрдэнэсувд, Отгоо эгч нар хийсэн. "Говь" компанийн загварын үзүүлбэр дээр урууландаа шигтгээ нааж гарахад үзэгчид алга нижигнүүлэн ташсан. Бас "Bess tailor" салоны цагаан даашинз их таалагдсан. Биндэрьяа дизайнер надад итгэл хүлээлгэсэн болохоор энэхүү даашинзыг сэтгэлд хүртэл нь амилуулахыг хичээсэн. Ер нь "Гоёл" наадмын дизайнеруудын бүтээл жилээс жилд гайхалтай болж байгаа. Дизайнеруудын бүтээл яах аргагүй том урлаг. Энэхүү урлаг шингэсэн бүтээлийг өмсч байгаадаа загвар өмсөгч бидний хувьд асар их сэтгэлийн таашаалыг амсдаг.

-Та өмнө нь бас "Гоёл" наадмын шилдэг загвар өмсөгч болж байсан байх аа?

-"Гоёл-2010" наадмын шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан. Би нэгэнт хийж бүтээж, хөдөлмөрлөж л байгаа юм чинь хэзээ нэгэн цагт хүмүүс миний хөдөлмөрийг үнэлэх байх гэж боддог байлаа. Топ модель гэдэг чинь загварын салбарын оргил шүү дээ. Би энэ оргил өөд тэмүүлж байлаа. Гэхдээ цаг нь ирэхээр бүх зүйл сайхан болдог учраас тэгтлээ яараагүй.

ДУУЧИН БЭКИ: ХАНИЙГАА ТОП МОДЕЛЬ БОЛЧИХ БАЙХ ГЭСЭН ЗӨН СОВИН НАДАД БАЙСАН

"Гоёл-2015" наадмын топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр дуучин Бэкитэй уулзав.

-Таны гэргий Монголын загварын хамгийн том цолыг хүртсэнд баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Бас ханиараа их бахархаж байна. Би урлагийн хүн болохоор сэтгэл хөдлөл ихтэй. "Гоёл-2015" наадам эхлэхээс л гарын алга хөлрөөд сандраад байсан. Одоо хүртэл хөвөөд байгаа юм шиг гоё мэдрэмж төрж байна.

-Х.Бадамгэрэлийг тайзан дээр гарч ирэхэд шүгэлдээд, алгаа ташаад их дэмжиж байсан. Танаас гадна ямар хүмүүс байв?

-Тайзны араас миний хайр гараад ирэх тэр мөчид үлгэрийн дагина амилав уу гэлтэй харагдаж байсан. Нэг насаараа үнэнч хайрлах хүн минь юм шүү дээ. Бахархаад ханашгүй байна.

-Ер нь энэ жил топ модель болчих болов уу гэж бодож байсан уу?

-Ханийгаа топ моделиор шалгарчих авчих болов уу гэсэн зөн совин надад байсан. Гурван жил нэр нь яригдаж байгаа шүү дээ. Тиймээс энэ жил хоосонгүй болов уу гэж бодож байлаа. Гэхдээ дотроо л бодоод байсан хэрэг. Харин манай хүн чив чимээгүй л байгаад байсан. Бэлтгэл ажилдаа л анхаарна уу гэхээс шагналын тухай бид хоёрын хэн нь ч ам нээгээгүй. Гэхдээ миний хань наддаа дэлхийн супер модель л гэсэн үг.

-Загвар өмсөгч хүний нөхөр байх хэцүү юу. Нарийн дэглэм барихаас эхлээд янз бүрийн залуусаас харамлана биз?

-Манайх урлагийн гэр бүл. Тиймээс хэн хэнийгээ ойлгоно. Миний хань ажлаа л хийж яваа хүн. Тиймээс эрчүүд харж байгаа болов уу гэж хардаад байх утгагүй. Харин хоол ундны тухайд тэгтлээ намайг залхаагаад байдаггүй. Идэх үедээ хүссэн зүйлээ идчихнэ. Гэртээ бол аль болох эрүүл, органик бүтээгдэхүүн сонгохыг чухалчилдаг юм.

-Одоо яаж баярлуулъя гэж бодож байна вэ?

-Бодсон зүйл одоохондоо алга. Ямар ч байсан нэг сайхан гэнэтийн бэлэг барина даа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН