УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын  гишүүдийг өчигдрөөс эхлэн томилж байна.  Дөнгөж сая  Монгол улсын сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.  Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуусан.  Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Яамгүй сайд одоо ямар ажил хийх юм бэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: 12-р сарын 4-ны өдөр энэ асуултыг ярьж, хөндөж ярьсан.  Бид нар маргааш шинэ бүрэлдэхүүнээрээ ЗГ-ын анхны  хуралдаанаа хийнэ. Рио Тинтогийн төлөөлөгчид Улаанбаатарт ирсэн байгаа. Энэ мэтээр ажлуудаа эхнээс нь хийх болно.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Бусад сайд нартайгаа хэрхэн зохицож ажиллах юм бэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Дахиад ярьж байсан асуудал байна. Бид асуудлыг  УИХ дээр биш Засгийн газар дээрээ хэлэлцээд зохицуулна.  

М.Энхсайхан: Шинэ өдрийн мэнд хүргэе.  Яамгүй сайд гэдэг нь бидний хувьд шинэ туршилт. Салбарынхаа сайдуутай асуудлаасаа хамаараад нягт холбоотой ажиллана.  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ойлгомжгүй л юм яриад байгаа. Ерөнхий сайд мэднэ, засаг дээр зохицуулна гээд байгаа.  Оюутолгойгоос өөр ямар мега төсөл байгаа юм?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Би  одоо дахиад яръя.  Орой болсон байхад цаг авахаасаа санаа зовоод байна.  УИХ дээр оруулж ирж ярина, Засгийн газар дээр ч гэсэн ярих болно.

Гишүүдийн асуулт асуусны дараа УИХ-ын гишүүд саналаа хэлсэн.  Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:  Ч.Сайханбилэг сайдаа, энэ сул сайдын асуудлаар Засгийн газрын хэмжээнд өөрчлөлт орох байхаа.  Тэгэхгүй бол давхардаад ажил нь явахгүй дээ.  М.Энхсайхан сайд томилогдоод  түмэн асуудал цуварна. Сайд нар хоорондын асуудал, ажлын доголдол үүсэх магадлал өндөр байгаа.  Тэгэхээр ажлыг нь хумисан хууль оруулж ирээрэй, бодолцоорой.  

УИХ-ын гишүүн М.Зоригт: УИХ өнөөдөр шиг өдөржин шөнөжин хуралдах цаг байнга ирэх байх.  Засгаас улс орны асуудлыг УИХ дээр шахаад шахаад оруулаад ирэх хэрэгтэй. М.Энхсайхан сайд өөрөө асуудлуудыг  өөрөө оруулж ирдэг байх хэрэгтэй.  

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Таны барьж явах олон төсөл байгаа. Бидний хайж олох нэг төсөл бол агаарын бохирдлыг бууруулах төсөл. Агаарын бохирдлыг бууруулах гэж мөнгө их зарцуулсан ч үр дүнгүй байна. Тиймээс энэ чиглэлд анхаарах хэрэгтэй байна.

Гишүүд үг хэлсний дараа санал хураасан.  Ингээд М.Энхсайханг Монгол улсын сайдаар томилохыг гишүүдийн  94.9 хувь нь зөвшөөрч, М..Энхсайхан сайд боллоо.

Ингээд Монгол улсын сайд  М.Энхсайханы намтарыг хүргэе.

Мэндсайханы Энхсайхан Монгол Улсын 18 дахь ерөнхий сайд юм. 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 1978 онд Киев хотын улсын их сургууль төгссөн. Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. Орос, англи хэлтэй. АНУ, Япон, Германд мэргэжил дээшлүүлсэн. 10-р ангид байхдаа Олон Улсын Математикийн Олимпиадад оролцож, хүрэл медаль хүртэж байсан.
Тэрээр 1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга, 1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, 1992-1993 онд УИХ-ын гишүүн, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1998-2003 онд “Премьер интернейшнл” ХХК-нд захирал, 2003-2005 онд Ардчилсан намын дарга, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2004-2006 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. 2006 оны 1-р сараас 2008 он хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар томилогдон ажиллаж байв. 2006 онд Ардчилсан намаас гарч Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. 2011 онд тус нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон солиход даргаар нь сонгогджээ.
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэл Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахад Энхсайхан "Монголын төмөр зам" ТӨК-ийн захирлаар томилогдсон хэдий ч хэдхэн сар ажиллаад, УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэсэн шалтгааны улмаас халагдаж байсан.