Олон нийтийн сүлжээгээр өнгөрсөн сард цагдаа хүүхэд зоджээ гэх мэдээлэл түгсэн. Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчийг шалгасан байна. 

Эл хэрэг явдлыг тодруулбал, Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр “Tsag.mn” сайт дээр “Хүүхэд гавлаж зодсон зэрлэг цагдаагийн үйлдэл шуугиан тарьж байна” гэх гарчигтай видео бичлэг цацагдсан. Энэхүү асуудал нь “Нарантуул” ОХУТ-д болжээ.

“Нарантуул”-ын гутлын тасагт хулгай хийж байсан хүнийг барьлаа” гэх дуудлага  ирсэн байна. Уг дуудлагын дагуу цагдаагийн ахлах ахлагч н.Мөнгөншагай очиж ажиллажээ. Н.Мөнгөншагайгийн хувьд гутлаа хулгайд алдсан гэж мэдээлсэн Лхагвасүрэн гэх иргэнтэй уулзахад гутал хулгайлсан хүүхэд тус захын зүүн талын машины зогсоолруу зугтчихлаа. Араас нь манай аав явсан байгаа гэж мэдэгдсэн аж.

Ингээд Захын зүүн талын зогсоолруу очиход дуудлага өгсөн иргэний аав нь хулгай хийхийг завдсан хүүхдийг барьчихсан зогсож байжээ. 15 орчим насны хүүхдийг н.Батдорж гэдэг хүн бариад авчихсан, алгадаад хамраас нь цус гаргасан байдалтай байхад Н.Мөнгөншагай очсон гэнэ.

Улмаар уг асуудлыг газар дээр нь шийдэх боломжгүй учир хэлтсийн байранд уг хүүхдийг аваачиж, тайлбар мэдүүлэг авахыг шаардсан ч хүүхэд явахгүй гэж эсэргүүцэл үзүүлсэн аж. Ингээд хүү тухайн үед автомашины доор орж хэвтэж машины эд ангиас зуураад, орилж хашгичиж нэлээд шуугиан тарьжээ. 

Тиймээс цагдаагийн алба хаагч түүний хөлнөөс татаж машин доороос гаргаж иртэл өнөөх хүүхэд дахин өөр машины доогуур орох гэж зүтгэсэн гэнэ. Хүүтэй энэ маягаар зууралдаж байгаад хажуугаар нь явж байсан захын тэргэчнээс түүнийг тэргэн дээр нь суулгаад цагдаагийн хэлтэс дээр аваачиж өгөөч хэмээн тусламж гуйн авч явжээ. Болсон үйл явдлыг хажуугаар нь явж өнгөрсөн машины жолооч бичлэг хийж аваад интернэтэд тавьснаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэн тайлбаргүй шууд бичлэг цацсан нь энэ ажээ.