ОХУ-ын 13 дахь удаагийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Фатима Хадуева өчигдөр өглөө Монголд ирсэн билээ. Тэрбээр сэтгүүлчидтэй уулзаж, ямар зорилготой ирсэн талаараа мэдээлэл өгөв. Түүнчлэн өчигдөр орой 19:00 цагаас Улаанбаатар ресторанд  лекцээ уншсан бөгөөд үнийн хувьд 100 доллар байв. Ийнхүү хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид орчуулагчаар нь дамжуулан Фатима Хадуеваас дараах асуултад хариулт авлаа.

-Монголд ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Өглөө онгоцноос буугаад л Монголын агаараар амьсгаллаа. Үнэхээр сайхан байна. Мөн монгол үндэстний дээл өмссөн нь таатай санагдаж  байна. Монгол орон сайхан орон харж үзэх зүйлс ихтэй гэдэг юм билээ. Ард түмнийг нь шинжихэд их тайван дөлгөөн хүмүүс юм байна. Ямар нэгэн байдал болохыг хүлээсэн шинжтэй. Нэг тийм том шийдвэр гарахыг хүлээсэн байдалтай байна.

-Хэд хоногийн хугацаатай ирэв. Ямар ажил амжуулах вэ?

-Гурав хоногийн хугацаатай ирсэн. Өнөө орой гурван цагийн арга хэмжээ зохион байгуулж, лекц уншина. Мөн зөн билигч хүний хувьд 200 айлд зөвлөгөө өгнө. Нэг азтан шалгаруулж, хүмүүст өөрийнхөө шившлэгтэй чулууг бэлэглэнэ. Тэр чулуу бол аливаа муу муухай саад тотгороос үргэлж хамгаалах болно. Түүнчлэн Төв аймгийн Батсүмбэрийн асрамжийн газрын ахмадуудтай уулзаж, буяны арга хэмжээ зохиож, гарын бэлэг тараана. Хамгийн гол зорилго нэгдүгээрт айл, хүн бүрт туслах буяны арга хэмжээ юм.

-Энэ жил монголчуудын хувьд ямар байх төлөв танд ажиглагдаж байна?

-Могой жилийн могой сард ирж байгаа учир зөв цагтаа зөв газраа ирсэн гэж бодож байгаа шүү. Могойн чуулга харсан хүн эдийн засгийн хувьд баяждаг гэж ярьдаг. Тиймээс энэ жил эрс шинэчлэлийг авчрах жил болно. Могой анагаахын салбарын бэлгэ тэмдэг ч болдог. Энэ онд эрүүл мэндийн салбарт олон өөрчлөлт гарч, эмчлэгдэх боломжгүй өвчнийг эмчлэх аргыг нээж, шинэ нээлтүүд гарна. Харин Монгол Улсын тухайд монголчууд газар нутгаа хайрлан хамгаалах хэрэгтэй. Яагаад гэвэл Монгол орон газар зүйн байрлалаар бол дэлхий дээрх хамгийн их энергитэй газартай. Тэр энерги хаашаа ч алга болохгүй.  Энэ нь төр засаг, ард түмний амьдралд дээшлэхэд ихээр нөлөөлнө. Бүх хөрөнгөө газартаа зориулах хэрэгтэй. Газрын эд баялгаа хайрлан хамгаалж байж эдийн засгаа сбаталгаажуулна, бас амьдрал дээшилнэ.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Таны хувьд ямар хүн төрийн тэргүүнээр сонгогдохыг мэдэж өгөх боломж байна уу?

-Уучлаарай, би улс төр сонирхдоггүй юмаа. Тиймээс тийм ийм хүн сонгогдоно гэж хэлэх боломжгүй. Монгол ард түмэн агуу их түүхтэй. Залуу хүмүүсийн эрин ирсэн. Тиймээс хамтраад хүчтэй байх хэрэгтэй.

-Өөрийгөө зөн билэгч, мэдрэмжтэй гэдгээ хэзээнээс эхэлж мэдсэн бэ?

-Хүн болгонд ур чадвар байдаг. Яг тэр мэдрэмжээ таван настайгаасаа олж мэдсэн. Энэ бол санамсаргүйгээр болсон зүйл. Би тэр үеэс л хүн төрлөхтөн, байгалийг илүү ойлгож эхэлсэн. Энэ байдлаа удаан хугацаанд хөгжүүлж ирсэн.

-Оросын зөн билгийн тулаанд оролцоход адилхан зөн билэгчдээс ялгарах энерги хэр байдаг вэ?

-Ямар ч хүний хувь тавилангийн талаар үзэж, шийдэхэд хүнд байдаг. Мөн адилхан хүмүүс өрсөлдөж байгаа учир зарцуулж байгаа энерги маш их шүү дээ.