Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд  МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал  Өвөрхангай аймгийн Хархоринд өнөөдөр 12 цагт хүрэлцэн ирлээ. Нэр дэвшигч Н.Удвалын хөдөө орон нутгийн сонгуулийн сурталчилгааны салхи Их Монгол Улсын нийслэл Хархорум хотоос ийнхүү эхэлж байгаад нутгийн иргэд  ихэд бэлэгшээн хүлээн авчээ. Түүнийг  намын гишүүд, дэмжигчид болон нутгийн ахмад  настнууд алд цэнхэр хадаг барьж угтаад “Монгол Улсын түүхэнд монгол хатдын ухаан ихэд нөлөөлж байсан, тиймээс их үйлсийг эхлүүлсэн энэ ажлаа урамтай  сайн гүйцэтгэж, эмэгтэйчүүд, эхчүүд биднийхээ итгэлийг алдахгүй”  ялалт авчрахыг хүсэн ерөөлөө. Сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагаанд  тус сумын удирдлагууд болон нутгийн иргэд олноор хүрэлцэн иржээ. Харин Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн Удвал Хархориноос  сурталчилгаагаа эхлүүлсэн тухайгаа хэлэхдээ, “ Монгол Улсын анхны нийслэл Хархорин хотын түүх бол гайхамшигтай. Түүхийн хуудсаас сөхөхөд, өнөөгийн Хархорин хот бол түүхийн үнэт зүйл, байгалийн болоод ой ухааны хамгийн дурсгалт нутаг юм.  Манай он тооллын өмнөх 209 онд Хүн гүрний Модун Шаньюу хааны орд өргөө Хархорины хөндийд бууриа засаж дэлхийд анх удаа төрт ёсны засаглал тогтоосноос хойш энэ нутагт Сүмбэ (Сяньби), Монгол Нирун улс ( Жужан)  Түрэг, Уйгар, Киргиз, Кидан, Хэрэйд, Их Монгол улсын туг далбаа мандаж Монголын гал голомт бадарч байсан.  Тиймээс ийм сайхан  түүхт газраас сонгуулийн орон нутгийн сурталчилгаагаа  эхлүүлж байгаадаа баяртай байна. Нөгөөтэйгүүр  Архангай аймгийн Хотонт  суманд би эмчээр ажиллаж ажлын гараагаа  эхлүүлж байв. Энэ үед хүнд  өвчтнөө Хархоринд  зөөж хагалгаанд  оруулж байсан.  Тиймээс Хархориныхон надад их ойрхон санагддаг юм. Үүнээс гадна  би төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд   төрт  ёс, түүх соёлоо дээдэлж, улс үндэснийхээ  эв нэгдлийг баталгаажуулахыг бэлэгдэж, ийнхүү  Хархориныг сонгосон гэлээ.  

 

Ч.Олдох