Хандгайтад нэгэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, 15 настай хүү уулын оройгоос чаргаар гулгаж буухдаа 60 орчим насны эрэгтэйг дайрч унагасан.

Улмаар тухайн хүний хамар, ам, чихнээс цус садарч, түргэн тусламж авч чадалгүй амь насаа алдсан юм. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар, чаргаар дайрсан хүүд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуулийн 94.1-д “Бусдыг болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заажээ. 
 

Ё.Лхагвасүрэн: Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна 


Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Хүнд эрүүгийн хэрэг үүсгээд, шалгалтын ажлыг хийж эхэлсэн. Тухайн хүүхэд насанд хүрээгүй учраас өмгөөлөгч эсвэл хууль ёсны асран хамгаалагчийнх нь хамт мэдүүлэг авч байна. Золгүй байдлаар үйлдсэн гэмт хэрэг. Иргэдэд хандаж хэлэхэд хөдөлмөр аюулгүй ажиллагааны журмыг мөрдөх ёстой. Иргэд дээрх журмыг хүнд үйлдвэрлэл, барилга байгууламж ба рихад л мөрдөх хэрэгтэй гэж бод дог. Бид үүнийг өдөр тут- мынхаа амьдралд мөрдлөг болгох зайлшгүй шаардлагатай юм. Зам хөндлөн гарахдаа гарцаар заавал гар гэдэг нь ч энэ журамтай холбоотой. Амралт чөлөөт цагаа агаар салхинд гарч өнгөрөөхдөө хүмүүс амь нас, эрүүл мэнд, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Манай улсад цанын бааз олон бий. “Skyresort” л гэхэд стандартын шаардлага хангасан. Иргэдэд стандартын шаардлага, хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам хангасан газар очиж гулгах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна” гэв. Осол гарах өдөр Хандгайтад гулгаж байсан Н.Батын хэлж буйгаар “Хандгайтад ямар ч зохион байгуулалт байхгүй. Олон хүн, машин дүүрсэн газар. Энд тэндгүй, эмх замбараагүй хэсэг хэсгээрээ гулгаж байсан. Уулын дээрээс бэл хүртэл хурдтай гулгаж байгаа хүмүүс “холдоорой” гэж орилж, сэрэмжлүүлэг өгч байсан. Нэг мэдэхэд хүмүүс цугларан, орилж чарлан уйлж эхэлсэн. Чухам юу болсныг сонирхохоор очтол настай хүн амь насаа алдсан байдалтай хэвтэж байсан. Түргэн тусламж ирэх гэж их удсан” гэж халаглан ярьж байлаа. Хандгайт нь албан ёсны зөвшөөрөл авсан цанын бааз биш гэнэ. Харин “Янзага” зуслан иргэдэд нэг чаргыг цагийн 5000 төгрөгөөр бичиг баримтыг нь барьцаалж гулгуулдаг аж. 
 

Ш.Батдорж: “Янзага” зусланг хаах захирамж гарсан 


Түүнчлэн эл байдлаас шалтгаалан олон хүн бэртэж гэмтдэг учраас тус хорооны иргэд “Янзага” зусланг хааж, хариуцлага тооцуулахаар ЗДТГ-т удаа дараа өргөдөл өгсөн гэнэ. Хорооны Засаг дарга Ш.Батдоржоос тодруулахад “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Янзага” зусланг хаах захирамж гарсан. Гэтэл дур мэдэн цанын баазын үйл ажиллагаа явуулж байна. Ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй газар шүү дээ. Хүн бэртэж, амь насаа алдсан хэрэг удаа дараа гарч байгаа” гэв. Түүнчлэн албаны эх сурвалжийн хэлснээр “Цагдаагийн байгууллагаас хуулийнхаа дагуу хүний амь насыг санамсаргүй хохироосон үндэслэлээр шалгалтын ажиллагаа хийнэ. Үүний дараа хэргийг прокурорын байгууллагад шилжүүлнэ. Харин ямар ял шийтгэл оноохыг шүүх, прокурорын байгууллага шийдвэрлэнэ” гэсэн юм. 
 

Эрдэнэт хүний амь нас үрэгдчихлээ. Бид үнэхээр харамсч байна


 Уг хэрэгт холбогдсон хүүгийн ар гэрийнхэнтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм. Мэдээлэл өгсөн хүүгийн аав нэрээ нууцлахыг хүссэн юм. 

-Таны хүү санамсаргүй байдлаар хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг боллоо. Цагдаагийн байгууллагаас танай хүүд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж эхэлсэн гэл үү? 

-Манай гэр бүлийнхэн үнэхээр хүнд байдалтай байна. Бид одоо ч гэсэн итгэж чадахгүй сууна. Хүүтэйгээ цагдаагийн газар очсон. Өмгөөлөгч авсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. 

-Хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзсан уу? 

-Талийгаачийн гэр бүлийнхэнтэй уулзаж, уучлалт гуйхаар одоо явж байна. Эрдэнэт хүний амь нас үрэгдчихлээ. Талийгаачид хүндэтгэл үзүүлнэ. Бид үнэхээр харамсч байна. Манай өмгөөлөгчтэй холбогд гэсэн юм.
 

 Б.Дашдорж: Хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй 


Ингээд хүүгийн өмгөөлөгч Б.Дашдоржоос хэргийн талаар тодрууллаа.

 Тэрбээр “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд заавал өмгөөлөгчтэй мөрдөн байцаалтын ажилд оролцох хууль ёсны эрх байдаг. Үүний дагуу өмгөөлөгчөөр энэ хэрэгт ажиллаж байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өглөө. Дөнгөж 15-хан настай хүү агаар салхинд тоглож, наадаж яваад хүний алтан аминд хүрнэ гэж төсөөлөө ч үгүй байсан. Тухайн өдөр болсон хэрэгт итгэж ядан, нүднээсээ нулимс цийлэгнүүлэн бүлтэлзэн зогсох хүүг цагдаагийнхан авч явсан гэж тэнд байсан олон хүн ярьж байсан юм. Нийгмийн хариуцлагаа ухам- сарлаагүй, ашиг сонирхлын төлөөх бизнесийн байгууллагын хэдэн нөхдөөс болж 60 настай буурай амиа алдаж, насанд хүрээгүй хүү гэмт хэрэгтэн болж үлдэх үү.