Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үүдний довжоон дээр хоёр шилэн өргөтгөл нэмж барьсаар хэдэн жил өнгөрлөө.
 
Тус өргөтгөлүүдээс шалтгаалан энд номын сан байдаг эсэх мэдэгдэхээргүй болжээ. Довжоог нь нүхэлж ганц нэг багана гаргасан болоод өргөтгөл барьснаас суурь нь захаасаа нурж, цууралт өгсөн харагдана. Хамгийн гол нь энэ нь нийслэлийн өмчийн газарт халдсан явдал юм. Энд өргөтгөл баригдсаныг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга асан М.Ганбаатар, түүний аав Н.Мягмаржав нартай холбодог аж.
 
 
Уг нь номын сан, музей хоёр төрийн ивээлд байж, газар болон түүнтэй холбогдол бүхий хөрөнгөнд хэн нэгэн этгээд халдах эрхгүй байдаг. Гэтэл 2007 онд нэр бүхий эрх мэдэлтнүүд Улаанбаатар хотын төв номын сангийн газраас хумсалж барилга барьжээ.
 
 
Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр 2007 оны хоёрдугаар сарын 1-нд "Сvхбаатар дvvргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах хотын төв номын сангийн барилгын гадна үүдэн хэсгийг "Сэтгэл зүйн мөрөөдөл төв" ТББ-д түрээсийн гэрээгээр эзэмшүүлэхийг зөвшөөрсүгэй" гэсэн захирамж гаргажээ. 
 
 
Тухайн үед хотын захирагч асан Ц.Батбаяр номын сангийн ажилчдад "Энэ төрийн бус байгууллага танай гадна талын талбайг ашиглан өргөтгөл хийж 24 цагийн номын сан ажиллуулах юм шүү. Дэмжээрэй" гэж байж.
 
 
Харин энэ төрийн бус байгууллагын тэргүүлэгч нь цэргийн хурандаа, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч байсан Н.Мягмаржав юм. Тэрээр номын сангийн газраас 420 метрквадрат талбайг эзэмшжээ.
 
 
Барилгын ажил эхлэх үед Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал н.Мижиддорж нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ц.Пүрэвхүүд "Хоёр давхар шилэн хийцийн барилгыг барьснаар номын сангийн уншлагын заал болон номын сангийн зарим өрөө тасалгаануудыг хаана" гэсэн албан тоот явуулж байсан аж.
 
 
Улмаар барилгыг барьснаар уншлагын болон бусад заалнууд байгалийн гэрэлтүүлэггүй буюу хоёр, гурван давхрын өрөөнүүд нь цонхгүй болжээ. Түүнчлэн мэргэжлийн байгууллагууд уг барилгын ажлыг зогсоох, буулгах удаа дараагийн аудитын дүгнэлт гаргасан хэдий ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. 
 
 
Тухайн үед номын сангийн ажилчид ажиллах боломжоор хомс, галын болон бусад аюулгүй байдал баталгаагүй байна гэж гомдол гаргаж эхлэхэд н.Мягмаржав "Та нар ажилгүй л больё гээгүй бол дуугүй байгаарай. Бид зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхээ авчихсан.
 
 
Танайд газрын түрээс өгнө" гэсэн үг хаяж эхэлжээ. М.Ганбаатар болон хотын захирагч асан Ц.Батбаяр, Нийслэлийн өмчийн хөрөнгө оруулалтыг хянаж баталгаажуулах комиссын дарга асан Б.Баатарзоригт нарын балгаар өнөөдөр номын сангийн үйл ажиллагаа доголдсоор л байна.
 
 
Мөн гэрээ ёсоор өргөтгөлийн түрээс гэж номын санд сард 300 гаруй мянган төгрөг л өгдөг. Тус номын сангийн захирлаар саяхан томилогдсон н.Соёмбобаатар "2011-2012 оны хоорондох түрээсийн гэрээ хийгдээгүй байгаа. Энэ он гарсаар бид засвар хийж нэг ч байгууллагатай түрээсийн гэрээ хийгээгүй" гэсэн юм.
 
 
Модон яс зангидаж барьсан шал нь туялзсан хоёр шилэн өргөтгөлд одоо ч бэлэн хувцасны барааны дэлгүүр, зургийн студи, бичиг хэрэг, морин хуур сургалтын төв, номын дэлгүүр, төгөлдөр хуурын сургалт, оёдлын газар гэх мэт номын сангийн үйл ажиллагаанаас тэс өмнөө арваад байгууллага байгаа юм.
 
 
Д.Нацагдоржийн нэрэмжит энэхүү номын сан нь 1980 онд ашиглалтад орсон Улаанбаатар хот дахь цорын ганц зориулалтын номын сан.  Нийтдээ 300 гаруй мянган номын багтаамжтай хоёр заал тус бүрдээ 120 уншигчийн суудалтай.
 
 
Үүн дээрээс Хууль эрхзүйн төв гээд дандаа л хууль эрх зүйн чиглэлийн номтой, 80 хүний суудалтай 10000 гаруй номтой номын сан байсан. Гэвч өргөтгөл барьснаар энэ танхим хаагджээ. Уг нь хууль зүйн үндэсний паркаас өөр хууль эрхзүйн чиглэлээр дагнасан номын танхим Монгол Улсад байхгүй.
 
 
Тиймээс уншигчид "Чимээ шуугиан ихтэй, хүмүүс орж гарсан энэ нөхцөлд аргагүйн эрхэнд л сууж байна" гэж учирлацгааж байна лээ. Тус номын сангийн тэнхимийн эрхлэгч Д.Цэцэгмаа "Би өргөтгөл баригдах үед хуулийн танхимын номын санч байсан.
 
 
Хамгийн сайхан нар туссан танхим байсан. Одоо хав харанхуй, бүгчим ямар ч агааргүй хонгил болсон. Тухайн үед нийслэлийн Өмчийн газрын дарга М.Ганбаатарын аав Н.Мягмаржав гээд настай хүн ирж барилга бариулж байсан.
 
 
Тэр биднийг шаардлага тавихад "Ажлаасаа халагдмааргүй байвал дуугүй байгаарай" гэдэг байсан. Өргөтгөл баригдсанаар нэг, хоёр давхрын байгалийн гэрэл үздэг цонхнууд бүгд хаагдсан. Гаднах довжоо нь суулт өгөөд хагарчихсан" гэж байв. Номын сан гэдэг эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байгалийн гэрэлтэй орчин байх ёстой. 
 
 
Гэтэл үнэхээр тэр танхимыг хаагаад чийг үнэртсэн харанхуй хонгил болгочихжээ. Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч н.Нацаг "Анх шөнийн анги, уншигчдийн зориулсан юм барина гэж ойлгуулж байсан. Танхим харанхуй болчихоор агуулах болгосон.
 
 
Нэг үгээр бол хоёр өрөө ашиглалтаас гарчихаж байгаа юм. Нөгөө талд нарийн бичиг, захирал, орлогч захирлын өрөө байсан. Бас л агуулах болсон. Хууль зүйн танхимдээ уншлага хийлгэх боломжгүй болсон болохоор коридорт сандал ширээ тавиад уншуулж байна.
 
 
Мэргэжлийн хяналтаас стандартад тохирохгүй газар уншлагын зориулалтаар ашиглалаа гэдэг. Гэтэл өрөө нь гэрэлгүй, агааргүй болчихоод арга буюу ингэж байна" гэсэн юм. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан ийм байдалтай хэдэн жил болох вэ.
 
 
Ж.Баярсайхан 
 
Эх сурвалж: "Нийслэл таймс"