Иргэний хөдөлгөөнүүдийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн шаардлагыг хүргэж байна.



МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА

2015 оны 01 дүгээр сар 14                                                          Улаанбаатар хот


Шаардлага
    Улс орны амьдрал туйлдан доройтож, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа өнөөгийн ноцтой нөхцөл байдал улс орны дампуурлыг зарлахад тулсныг Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нэгэнт зарлалаа.
    Тэгвэл энэ бүхний буруутан, 24 жилийн турш “буруу замаар будаа тээж”, одоо бүр өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгаа ч алдаа дутагдлаа эрүүл ухаанаар засаж залруулах чадваргүйгээ нэгэнт нотлон харуулж, гажуудал доройтлыг улам даамжруулахад чиглэсэн алхмуудыг хийсээр байгаа, хууль бус өнөөгийн УИХ, Засгийн газрыг Монголын олон нийт улам бүр зэвүүцэн эсэргүүцэх боллоо.


Гэхдээ энэ нь зөвхөн ард иргэд зэвүүцэн эсэргүүцэх төдий хэрэг биш бөгөөд Ерөнхийлөгч та 2015 оны 01 дүгээр сарын 09-нд УИХ-ын чуулганы танхимд “Ялангуяа улс орны хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах эрхтэй, хариуцлага үүрсэн, үүрэг хүлээсэн хүмүүс ийм буруу хандлагад, явцгүй ёс зүйд донтож, автаж болохгүй. Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж болохгүй. Надаас холуур юм гэж хойш суух эрх бидэнд байхгүй. Учир нь ийм байдлаас Монгол улс хохирдог юм. Тэр хохирлын төлбөрийг Монгол хүн бүр төлдөг юм.”... “Бидэнд хариуцлага дутсанаас ийм байгаа юм. Улс нийгэм өөрчлөгдөж байна, өөрчилж байна гэж хорин хэдэн жил Та бид “хонины найр” шиг явлаа. Хариуцлага, ёс зүйг хаялаа. Бүр үүндээ дасал боллоо. ... Одоо зогсоё.” гэж хэлсэнчилэн Монгол Улсын Төрийн тэргүүнийхээ үүргийг биелүүлж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн  12 дугаар зүйлийн 11-д заасан “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ.” гэж, мөн 12-ын 15-д заасан “Улсын Их Хурлаас тодорхойлсон Монгол Улсын дотоод, гадаад бодлогод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан болон үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байгаа, түүнчлэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар хэрэгжүүлээгүй нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон гэж үзвэл Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулна” гэсэн заалтуудын дагуу дараахи үндэслэлүүдээр ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ, УИХ-ЫГ ТАРААХ  саналыг УИХ-д оруулахыг ШААРДАЖ байна.  


1.    Ерөхнийлөгч та хэлсэн үгэндээ дүгнэн тодосгож мэдэгдсэнчлэн “Өр чинь таазаа цоолчихлоо. .... Өнгөрөгч 2 жил гаруйн хугацаанд Монгол Улсыг 8-н их наяд гаруй төгрөгийн хохиролд унагалаа.” Дэндүү их хохирол шүү!
Харин энэ дампуурал ард түмнээс болоогүй гэдгийг, “малчид мал сүргийнхээ тоог анх удаа хоёр нугалж өсгөлөө. Тариаланчид, ногоочид маань бахдам сайхан амжилт гаргалаа. Сүүлийн 17 жилд байгаагүй арвин ургац хурааж авлаа. Манай улсын  худалдааны тэнцэл эерэг гарлаа” гэж Ерөнхийлөгч таны хэлсэн үг ч батлаж байгаа.
Гэтэл асар их өр зээл авч, Монгол Улсын түүхэнд байгаагүй их мөнгийг төсвийн болон төсвийн бусаар захиран зарцуулсан хэр нь улс орон, ард иргэдээ улам их үгүйрүүлэн доройтуулсан өмнөх Засгийн газрын үргүй шамшигдуулсан, хааш нь зувчуулсан нь үл мэдэгдэх их хөрөнгийг буцаан олж авах, улсыг хохиролгүй болгон төлүүлэх, хариуцлага тооцохын оронд харин ч гэмт хэргийнх нь ул мөрийг арилган бүрхэгдүүлэх, хариуцлагаас чөлөөлөх, тэр их хөрөнгийг шамшигдуулсны ял шийтгэлийг Монголын ард түмэнд үүрүүлэн, ядарсан иргэдийнхээ халааснаас сүүлчийн зоосыг нь ч шавхан цөлмөхөөр “Эхийн одонгийн”, “Хүүхдийн”, “Оюутны”, “Жирэмсэн эмэгтэйн” гэх мэтээр төрөөс зайлшгүй тэтгэх ёстой мөнгө, амь зогоох бүхнийг нь танаж хасаж байгаа нь цагаандаа гарсан дээрмийн ажиллагаа мөн.

2.    Ард иргэд улам их ядуурч “Олон хүн өнөөдөр балга тос, атга гурил, хэрчим мах, тал талх, ширхэг эмний төлөө өдөр шөнө, ажил амралтаа ялгахгүй зүтгэж байна.”  
Гэвч эрх баригчид энэ бүхнийг үл тоомсорлов. Алдаагаа засахыг бодсонгүй.  
           Монгол Улсын Ерөнхийлөгч таны удаа дараа дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төрд шилжих”, “Давхар дээлээ тайлах”, “Хариуцлага тооцдог байх”, “Цомхон бүтэцтэй байх” санал санаачлагуудыг, түүнийг хэрэгжүүлэх зарлиг шийдвэрүүдийг, ажлын чиглэл зөвлөмжүүдийг үл хэрэгсэж нөгөө л хуйвалдаан тохиролцоогоор “бялуу хуваах” зарчмаараа олон нийтэд нэр муутай, хууль биелүүлдэггүй, хулгайч, зугаа цэнгэл мөнгө бодсон салбараа мэдэхгүй, мэргэжлийн бус, ажлаа хийж чадахгүй байгаа этгээдүүдээр Засгийн газрыг бүрдүүлж, Ерөнхийлөгч таны хэлсэнчлэн “... албан тушаалын цоорхой хаана гарч байна, хаана мөнгө хувааж байна, тэнд л манай сонгогдсон хүмүүс тамираа барагдтал үзэлцэж байна. Өөрт нь албан тушаал өгсөнгүй, нам, бүлэг фракцад нь сайд ноогдсонгүй, бүр сүүлдээ дэд сайд, төрийн нарийн гэж хэрэлдээд бүхэл бүтэн Улсын Их Хурлын хуралдааныг хэдэн цаг, өдрөөр зогсоож байна. Гэтэл хариуцлагын ширээ өнчин, ардын зовлон хөсөр хаягдсан хэвээр л байна.”  


3.     Өрийн дарамтанд оруулан Монгол улсын тусгаар тогтнолыг үгүй хийж, оюуны ундаргыг нь таслан ширгээж, хогоор булж дарах гэж яарахдаа өрийн таазыг нэмэгдүүлэхийг улайран зүтгэж, хогон дээр хог нэмэн ард иргэдийн татварын мөнгөөр зориуд хогны уут үйлдвэрлэхэд хэдэн тэрбумыг зарцуулж, харин хогны уутанд зарцуулж байгаагаасаа ч бага мөнгө хэмнэхийн тулд ШУА, хүрээлэнгүүдийг үгүй хийх гэж байгааг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч чадахгүй.
Энэ бол Монгол Улсын ШУА-ийг хог болсон хогны уутнаас дорд үзэж, Монголын ард түмнийг дэндүү гутаан доромжилж байгаа үйлдэл юм.
    Ийм Засгийн газрыг, ийм УИХ-ыг цаашид байлгаад байж болно гэж үү?!
    Үнэхээр ч “хорин хэдэн жил “хонины найр” шиг явна” гэдэг дэндүү их хугацаа шүү!
Ерөнхийлөгч та хамгийн сайн мэдсээр байж “Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж...” ирсэн. Тийм учраас Монголын ард түмэн өнөөдөр танд шаардах эрхтэй. Алийн болгон УИХ-ын индэр дээрээс яслийн хүүхдийг яриулж сургах гэж байгаа цэцэрлэгийн багш шиг “Чадах уу? Чадна гэж хэл дээ!” хэмээн тэдэнтэй маазарч, сүмийн номлогч шиг сургааль айлдсаар суух вэ! Ард түмний “алтан цаг, боломж,”-ийг ингэж алдагдуулах хэрэггүй ээ!


Одоо болно. Ерөнхийлөгч өө! Монголд үгүйлэгдэж байгаа хариуцлага тооцох үг яриагаа үйл хэрэг болгон хэрэгжүүл!
Шаардлагын хариуг 02 дугаар сарын 01-ний дотор авах болно!      


Харилцах утас .........................


ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН :
1. “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн,
2. Монгол Монголдоо туслая ТББ,
3. Хохирогчдын холбоо,
4. Монголын Ажилчин сэхээтний холбоо ТББ,
5. Шударга иргэдийн фронт,
6. Хувиараа тээвэр эрхлэгчдийн “Их зам” холбоо,
7. “Тусгаар Монголынхоо төлөө нэгдэгсэд” хөдөлгөөн