Монголын оюутны холбооноос "Бүтээлч оюутан" уулзалт, үзэсгэлэнг өнөөдөр монгол бөхийн өргөөнөө зохион байгууллаа. Тус уулзалт, үзэсгэлэнд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Уулзалтад их дээд сургуулиудын 4000 оюутан хүрэлцэн ирж, өөрсдийн хийж бүтээсэн 2700 гаруй бүтээлээ дэлгэн тавьж худалдан борлуулж байсан юм. Мөн уулзалтын үеэр оюутнууд өөрсдийн өмнө тулгамдаад байгаа асуудлаа нэр дэвшигчид тавьж хариулт авлаа. Уулзалтад нэр дэвшигчээс гадна БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүрэлцэн ирж оюутнуудад хандан үгээ хэлсэн юм.

Х.Батсайхан: Цалинтай оюутан-Хариуцлагатай оюутан
"Бүтээлч оюутан" уулзалтыг Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан нээж "Залуу хүнд зорилго үгүй бол эх оронд ирээдүй үгүй. Зорилготой залуучуудыг төр засаг дэмждэг. Бид Монголын маргаашийг оюутны маргааш гэж бодог. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оюутан бүрийг цалинтай, хариуцлагатай болгож өгсөнд нийт оюутнуудынхаа өмнөөс талархаж байна. Оюутан залуучуудад ирээдүйдээ итгэх итгэл нэмж дэлхийн шилдэг 100 их дээд сургуулиудад төрийн тэтгэлгээр суралцах боломжийг нээж өгсөнд дахин баярлаж байна" гэлээ.
Л.Гантөмөр: Ц.Элбэгдорж дэлхийд монголыг таниулсан, монголыг дэлхийд төлөөлж чадна
Харин түүний дараагаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр оюутнуудад хандан "Та бүхний дэлгэн тавьсан бүтээлүүд үнэхээр гайхамшигтай болжээ. ХААИС-ийн тараг үйлдвэрлээд зарж байгаа охид, хөзөр үйлдвэрлээд зарж байгаа оюутан, өөрийн гараа цементэнд хүргэлгүй бетон хийсэн оюутнууддаа баяр хүргэе. Оюутнууд бүтээлч, бүтээж чадна гэдгээ харуулж чадлаа. Шинэчлэлийн Засгийн газар боловсролын салбарт чанарын шинэчлэл хийх болно. Энэ шинэчлэлийн хүрээнд монголын 170 гаруй мянган оюутан бүрт бүтээлч амьдрах боломжийг нээж өгнө. Бүтээлч, судлаач оюутантай болсноор боловсролын салбар шинэчлэгдэнэ. Оюутнуудад буруу зөрүү гэсэн үг бүхнийг тохдог. Тэгвэл бид муу гэсэн үг болгонд бүтээлээрээ хариу өгнө. Тийм учраас дадлага ажлыг чухалд тавина. Зөвхөн анги танхимд лекц сонсох биш эрх жилээс хичээл бүр нь дадлага байна. Гараараа тархиараа хийх болно. Боловсролын салбарт ном, авъяас хөтөлбөр хэрэгжиж байна. Энд гэхэд 4000 авъяас цуглажээ. Боловсролын салбарт 504 мянган авъяас бойжиж байна. Ном хөтөлбөр маш сайн хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд 9 дүгээр сарын 1-нээс 10-ны өдрүүдийг номын өдөр болгосон. Анги бүр номын сантай болсон. Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Монгол улс өндөр боловсролтой байхын тулд хүүхдийн боловсрол хамгийн чухал. Монголын хүүхэд залуучууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар  дэлхийн шилдэг их дээд сургуулиудад дэлхийн залуустай мөр зэрэгцэн суралцах боломж нээгдлээ.
Оюутнууд маань сар бүр 70 мянган төгрөгийн цалин авч байна. Үүнийг мөн л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  санаачлан батлуулсан.  Оюутан бүрийг цалинтай болгоё гэдэг санаа зовлон үзсэн хүнээс гарсан санаа юм шүү. Манай Ерөнхийлөгч оюутан байхдаа эхнэр авсан. Оюутан байхдаа анхны хүүхдээ өлгийдөн авсан. Тийм учраас энэ санаачлагыг гаргасан. Миний хувьд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Ц.Элбэгдоржийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд оюутан залууст чиглэсэн зөв бодлого хэрэгжүүлж, ажил хэрэг болгосонд нь талархаж байна. Залуу хүнийхээ хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэд хэдэн шалтгаанаар дэмжиж байна. Учир нь тэр дэлхийд монголыг таниулсан. Монголыг дэлхийд төлөөлж чадна. Залуу сэтгэлгээтэй, цахим орчинд залуучуудтай мөр зэрэгцэн ажилладаг. Хүүхэд, оюутан, залуучуудын төлөө ажиллаж чаддаг. Монголын ирээдүйн төлөө олон зүйлийг хийж эхлүүлсэн. Түүнийгээ үргэлжлүүлж чадна гэж итгэдэг" гэсэн юм.
            Ц.Элбэгдорж: Монголын маргааш өнөөдрөөс гэрэлтэй байна гэдэгт итгэдэг
Уулзалтын үеэр танхимаас оюутнуудыг төлөөлөн есөн оюутан нэр дэвшигчээс өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа хэлж, сонирхсон асуултадаа хариулт авлаа.
Харин нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хувьд оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа. "Хэний хүүхэд болж төрсөн нь хамаагүй чадалтай эрдэм боловсролтой монгол хүүхэд бүрт монголын болон дэлхийн шилдэг их дээд сургуулиудын үүд хаалга нээлттэй байх ёстой. Боловсролын салбарт ар, өврийн хаалга байх ёсгүй. Монгол залуу хүн бүр мөрөөдөлтэй байх ёстой. Тийм учраас зургаахан хоногийн өмнө мэдлэг, чадвартай монгол залуус дэлхийн 100 шилдэг сургуульд элсэж орвол төрөөс тэтгэлэгтэй сурах зарлиг дээр гарын үсэг зурсан. Монголын маргааш өнөөдрөөс гэрэлтэй байна гэдэгт итгэдэг. Монгол хүн бүр мөрөөдөл зорилготой байх ёстой. Зөвхөн оюутнууд гэлтгүй хүсэл мөрөөдөлтэй залуу хүн бүрт энэ боломж нээлттэй юм шүү. Мөрөөдөл биелдэгийн амьд жишээ би байна. Би Монгол Улсын Ерөнхий сайдын албаас буугаад 37 насандаа Харвардын их сургуульд элсэн орсон. Сурахад, мөрөөдөхөд нас хамаагүй. Чамд, хүн бүрт дэлхийн шилдэг сургуульд сурах боломж байна. Надаас таны амжилтын нууц юу вэ гэж залуучууд их асуудаг. Надад ганцхан нууц байдаг. Бусдаас арай илүү байх. Өрсөлдөгч минь өглөөний 7 цагт босч байвал би өглөөний 6,30-д босдог. Хүн нэг ном уншвал би гурван ном уншдаг. Энэ л миний нууц. Арай эрт босдог, илүү ном уншдаг. Өөр нууц надад байхгүй. Шүүмжилдэг хүн хамгийн сайн найз. Магтдаг хүн бол найз биш шүү." гэлээ.
Төгсгөлд нь тэрбээр "Залуучууддаа хандаж хэлэхэд өөрийгөө бодож сонгуульд оролцоорой. Миний амьдралд хэн нь тус болох вэ гэж бодох хэрэгтэй. Битгий өөр юм бод. Өөрийгөө бодож сонголтоо хийгээрэй. Монголын үе үеийн залууучууд эх орондоо дандаа сайхан бүхнийг авч ирсэн. Монгол залуучууд эх орондоо ардын хувьсгал, ардчилсан хувьсгал аль алийг нь хийсэн. Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэе" гэснээр уулзалт өндөрлөлөө .