2014 онд нийслэл хотод 45 0000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа гэх судалгаа гарсан. Автомашины тоо 6 дахин өсчээ. 

Жолооны ард суусан хурд хэтрүүлэгчид, согтууруулах ундаа хэрэглсэн үедээ жолоо барьсан, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөөгүй зэрэг шалтгаанаас болж гурван сая хүрэхгүй бид хоромхон зуурт нэгнийхээ халуун амийг үгүй хийж байна. Жил ирэх тусам зам тээврийн осол буурахгүй нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Ослын улмаас жолооч та гэмт хэрэгтэн болж хохирогчид буруутан болон үлдэж эрүүл мэндээрээ хохирч цаашлаад амь насаа алдаж байгаа нь ХЭЗЭЭ ухаарах улс вэ!!!

Холбогдох байгууллагуудаас нь сэрэмжлүүлэг мэдээг хүргэсээр байхад хэнэггүй зангаасаа болж гэмт хэрэг үйлдсээр л...

Энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт дуудлага мэдээлэл 687-г хүлээн авснаас зам тээврийн ослын 598 дуудлага бүртгэгдсэн, үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18-г хүлээн авсан аж.

Алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 135 жолоочийг илрүүлэн журамлаж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Зам тээврийн осол, хэргийн улмаас 3 хүн нас барж 31 хүн гэмтсэн байх бөгөөд осолд өртөгсдөөс 10 жолооч, 6 явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явжээ. Үүнээс харахад явган зорчигч согтуу үедээ зам дээр явах үед бас гэмт хэрэгтэн болж, жолооч бас хохирогч болж үлдэх магадлалтай байдаг гэдгийг мөн л санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, согтуу иргэн та замын хөдөлгөөнд оролцож буй машины урдуур гэнэт гарч ирэх, хурдтай яваа жолооч тоормолзож амжилгүй таны амь насыг хөнөөх эрсдэл өндөр.

Хамгийн сүүлд гарсан ослын талаар баримт болгон дурьдвал, Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн уулзварын зүүн замд амины Зил-130 маркийн автомашины жолооч Х нь Истана маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас 3 хүн нас барж 11 хүн хүнд, хөнгөн гэмтсэн ноцтой хэрэг гарсан юм.

Мөн нэгдүгээр сарын О1-13-ны байдлаар УБ хотын Замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт дуудлага мэдээ мэдээлэл 3581 хүлээн авснаас зам тээврийн ослын дуудлага 2908 бүртгэгджээ. Үүнээс ХАБАЖЭГ Хэрэг 135 гарч 4 хүн нас барж , 150 хүн гэмтсэн. Нас барсан хүний хувьд хоёр том хүн, хоёр хүүхэд байжээ. 

Түүнчлэн Хан уул дүүргийн нутаг Яармагийн замд өглөөний 08 цагийн үед 60-70 орчим насны эрэгтэй хүн авто машинд дайрагдаж амь насаа алдсан хэрэг гарсан. Өнгөрсөн онд гэхэд Яармаг, Нисэхийн зам дээр зам тээврийн ослын улмаас 20 хүн амь насаа алдсан байна.

Дээрх ослууд ихэвчлэн жолооч нар нь хурд хэтрүүлдэг, улаан гэрлээр ордог зөрчлийг их гаргадаг бол явган зорчигчид нь ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад амь нас эрүүл мэндээрээ хохирдог ажээ.

Ийнхүү та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард бүү суу. Иргэн та ч зам хөндлөн гарахдаа замын хөдөлгөөний дүрмээ баримтлах хэрэгтэй. Хэдхэн секундын дотор ТА гэмт хэрэгтэн буруутан болоход ойрхон байдаг гэдгийг санаж яваарай. 

 

 

 

 

Х.Даваа