Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвалыг дэмжсэн иргэд сонгогчдын хөлд намынх нь төв байр дарагджээ. Түүнийг дэмжигчид өөрийн биеэр намын байранд ирж, эсвэл бичгээр санал сэтгэгдлээ илгээсээр байгаа гэнэ. Тухайлбал Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны өндөр настан Т.Молом гуай өөрийн амьдардаг байрны эмэгтэйчүүд нь  орцоороо дэмжих санаачлага гаргаж  байгаагаа илэрхийлсэн захидал ирүүлсэн байна. Уг захидалд дурьдахдаа, ‘’Эмч нараа, эмэгтэйчүүд ээ, хүн төрөлхтний түрүүчийн нийгмүүдийн үед эрдэмтэй, мэдлэг сайтай, боловсрол өндөр олон зуун эмэгтэйчүүд дэлхий дахинд ажиллаж, амьдарч байсан боловч төрийн өндөр албанд ажилладаггүй байсан. Харин 21 дүгээр зуун гараад дэлхий даяараа эмэгтэйчүүдээ төрийн албанд ажиллуулж, эрэгтэйчүүдийн адил тэгш эрхтэй болгож байгаа нь хүн төрөлхтөн шинэчлэгдэж байгаагийн нэгэн тодорхой жишээ билээ. Манай Монгол 1921 оноос төрийн албанд цөөн боловч эмэгтэйчүүдийг ажиллуулж байсан туршлагатай улс шүү. Тухайлбал төрийн зүтгэлтэн С.Янжмаа, С.Удвал, тасралтгүй 11 жил яамны орлогч сайд байсан З.Соль гэх мэт янз бүрийн салбараас олон гавъяат эмэгтэйчүүд тодорсон. Одоо Эрүүл мэндийн сайд, эмч мэргэжилтэй Н.Удвалыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байгаа нь цаг үеэ олсон зөв зүйтэй санал юм. Түүнийг дэмжихийг Монголын нийт  эмэгтэйчүүд, эхчүүддээ хандан уриалж байна’’ гээд БГД-ийн 18 дугаар хорооны 50 дугаар байрны оршин суугч эмэгтэйчүүдээ төлөөлж, иргэн  Ж.Дуламсүрэн, О.Долгор, Д.Хорлоо, Н.Ханд, С.Рэгзэдмаа нар гарын үсгээ зурсан байна.