Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр боллоо. 

Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болсон энэхүү нээлтийн үеэр "Ээтэн" ХХК-ний дизайнерын урласан "Хүүхдийн хувцасны коллекци" олны нүдийг хужирлалаа. Тус компани нь Монгол улсын 3 сая дахь иргэнийг мэндэлсэнтэй холбогдуулан үндэстэн, ястангуудын хувцасны онцлог, ялгааг харуулахыг зорьж урласан загвараа толилууллаа.

Ийн толилуулахын учир нь бид үндэсний хувцаснаасаа өөр үндэстэн, ястангуудынхаа дээлний задаргаа, онцлогийг тэр бүр мэддэггүй аж. Үүнийг “Ээтэн” ХХК ард түмэндээ таниулж сурталчилж байгаа сайхан мэдээг дуулгаж байна. Уг компани нь 20-иод жил урлагийн хувцас, гутал, малгай, чимэглэлийг урлаж байгаа салон юм.

"Ээтэн" ХХК-ний дизайнер Б.Саруулзул “Орчин үед Монголчууд бид үндэсний хувцасаар гоёдог болсон. Тэр тусмаа үндэстэн, ястан гэдэг задаргаагаа ялгаж, мэдэж авахад нь хүүхдүүдээрээ дамжуулж таниулах зорилготой бүтээлүүдээ урласан. Энэхүү коллекциороо давхар компанийхаа энэ жилийн тайланг тавихыг зорьсон. Үйл ажиллагаандаа хүүхдүүдээ оролцуулж, нэлээн хүч хөдөлмөр зарцуулсан ажил боллоо. “Өүлэн эх”, “Чингис”-ийн хувцасны загвар өнөөдрийн чимэг болж багтсан. Үзүүлбэрт гарсан загваруудын бусад нь үндэстэн, ястанууд маань хувцас, чимэглэл, гутал, малгайтай гэдгийг л түлхүү харуулсан юм” хэмээн онцлов.

Ингээд Мишээл экспо төвд олны түмэнд ихээхэн таалагдсан хөөрхөн хүүхдийн өмсч толилуулсан коллекцийн гэрэл зурган сурвалжлагийг хүргэж байна.