Дэлхий нийт Эболагаас зугтаж, айн чичирч байхад Эбола-гийн голомт руу 10 гаруй Монгол уурхайчныг илгээсэн гэх мэдээлэл байна.

Тэр ч бүү хэл ирэх сард ч дахиад явах гэж байгааг эх сурвалжууд өгүүлж байна. Тодруулбал, Гадаад худалдаа, өрмийн болон сэлбэг хэрэгслийн худалдаа, өрөмдлөгийн ажил хийдэг “Уран дрийлэнг” ХХК”-иас монгол ажилчдыг халуун тив рүү өрөмдлөг хийлгэхээр явуулсан аж. Тэд явахаасаа өмнө халдварт өвчнөөс сэргийлэх тарилга хийлгэхдээ өөр улс орнууд руу зорчино гэж хэлээд тариулсан гэх.

Гэтэл Эбола-гаар өвчлөгсдийг эмчлэхээр очсон эоүүл мэндийн ажилчид хүртэл вирусын халдварт өртөж, өөрсдөө амиа алдсаар байгаа юм.

Эрсдлээс сэргийлж тарилга хийлгэсэн ч дэлхий нийтээр “Эбола” вирусын эсрэг вакцин гаргаж чадахгүй, аль болох тус бүс нутгийг зорихгүй байхыг анхааруулж буй. Манай улсын хувьд болзошгүй эрсдлээс бүх талаараа хамгаалж, эрсдэлтэй асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг ханган, хилийн боомтын хяналтаа өндөржүүлсэн гэж мэдээлсэн. Тиймээс “Эбола”-гийн эрсдлээс урьдчилан сэргийлэх нэг арга нь халдвар тархсан нутаг орон руу зорчихгүй байх гэдгийг анхааруулж байгаа юм.

2013 оны 12 дугаар сард Баруун Африкийн Гвиней улсаас анх эхэлсэн “Эбола” вируст халдварын дэгдэлт бүс нутгийн хүрээнээс хальж, 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад тархаад буй аж. Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи улсуудад энэхүү Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21790 хүн өвчилж, 8691 хүн буюу нийт өвчлөгсдийн 39 хувь нь нас барсан гэж Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна