"Азийн цагаан дагина" гэх сайхан нэртэй орон. Гэтэл энэхүү эрхэм нэр өдгөө хог хийж хаядаг ногоон уутанд мөнхөрлөө. 

Эдийн засгийн хямралд орсон энэ цагт ч мөнөөх уутны төсөв батлагдчихаж дөнгөсөөр гурав дахь жилийн нүүрийг үзэж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "хэмнэлт" хийхийг уриалаад байгаа. Тэгвэл хэмнэлтийг "ногоон уут"-наас эхэлвэл ард түмэн чинь дуу нэгтэйгээр зөвшөөрөх болно. 

Эл уут нь өч дөчнөөн өөр хэрэгтэй, ирээдүйд үлдэцтэй зүйлд зарцуулах мөнгийг салхинд хийсгэсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. 

-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихын оронд ногоон уут тарааж байгаа нь "эмгэнэл"-

Гэр хорооллын төдийгүй нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа асуудал бол “хог”. Гэхдээ үүнээс ч нэн тэргүүний асуудал бол сургууль, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг шаардлагатай байна. Манай улс 3 сая дахь иргэнээ өлгийдөн авах гэж хэрдээ хөөрцөглөв. Хүн амаа хөгжүүлэх бодлого баримталж байгаа хэрнээ хүүхдүүдээ хүмүүжүүлэх, эмнэх эмнэлэг хомсдолд орсон. Эмч мэргэжилтнүүд нь байгаа ч үйл ажиллагаа явуулах байр нь "алга". Адгийн наад зах нь есдүгээр сарын нэгэн дөхөхөөр хүүхдүүдээ цэцэрлэгт шинээр оруулах гэсэн эцэг, эхчүүд нойр хоолгүй дугаарлаж байж арай хийн цэцэрлэгт бүртгүүлнэ. Энэ үзэгдлийн араас сургуулийн багачууд бас суралцах хичээлийн байр нь хүрэлцэхээ больсон. 

Гэтэл ногоон өнгийн уутанд зарцуулж буй төсөв нь хэт өндөр байна. Өнгөрсөн онд хогны уутаар айл өрхүүдэд үнэгүй хангахад 3 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн бариултай болгоно хэмээн  4,5 тэрбум төгрөг болгосон. Нэг ширхэг уутны үнийг 90-95 төгрөгөөр тооцсон байна. Тэгэхээр өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15 ширхэг уутны нийт зардал 1425-1575 төгрөг болно. Харин жилд  5.4 тэрбум төгрөг гэсэн үг. Үүнийгээ ихэвчлэн “Айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа гэж тайлбарладаг.  

Энэ их мөнгийг дан ганц "хогны уут"-нд зарцуулж байхын оронд сургууль, цэцэрлэггүй бяцхан үрсийг минь ирээдүйд анхаарч болмоор санагдаж өмнө нь хэд хэдэн удаа эрээчсэн удаатай. Тэгвэл өнөө жил энэ уутандаа 6.7 тэрбумыг зарцуулахаар төсөвт оруулжээ. Энэхүү мөнгөөр гэхэд, хоёр эмнэлэг, мөн тооны эмнэлэг, сургууль барьчихна. 

Манай улсад 2-5 насны цэцэрлэгийн насны нийт 220 мянган хүүхэд байдаг ч өнгөрөгч оны байдлаар 70 мянган хүүхэд буюу 32 хувь нь гэртээ цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөдөг гэх судалгаа гарсан. Сүржин нэртэй "Азийн цагаан дагина" уутнаас татгалзаж ХЭМНЭЛТ хийе. Эсвэл энэ ногоон уутын бизнесийг зогсоож Хүүхдийн ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГ  барья! Ерөнхий сайд аа.

 

Х.Даваа