Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ээлжит 16 дугаар их хурал 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болж, төв орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 248 төлөөлөгч оролцов. Их хурлаар дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл гэсэн хуучин нэрээ сэргээж, Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл гэсэн удирдлагын шаталсан бүтэцтэй боллоо.

   МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Б.Галаарид нийт төлөөлөгчдийн 99.2 хувийн саналаар дахин сонгогдож, Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ууган байгууллагыг 4 жил тэргүүлэхээр боллоо. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр М.Наранбаатар, дэд ерөнхийлөгчөөр Х.Батхишиг, орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр С.Шаравдорж нар сонгогдлоо. Мөн телевиз, сонин сэтгүүл, сайт, радио фм, сургалт судалгаа , орон нутгийн сэтгүүлчдийг нэгтгэсэн төвүүдийг байгуулж, тэргүүнүүдээс нь Удирдах зөвлөлөө бүрдүүллээ.