Монголын түүх мөхлийн ирмэгт

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сая гар утас барьдаг иргэдэд хандан мессэжээр санал асуулга явууллаа. Нэгт нь, Оюутолгой болон бүтээн байгуулалтын төслүүдийг шийдэх замаар, хоёрт зардлаа бууруулж бүсээ чангалах замаар хөгжих үү гэж.  Тэгээд олонх нь “Нэг” гэсэн хариу ирүүлсэн учраас гэсэн үндэслэлээр өөрсдийн шийдвэрээ тулгаад явчих бололтой, ийм дүр зураг харагдаж эхэллээ.Гэхдээ гар утас, тэр дотроо мессэжээр, зөвхөн гар утастай иргэдээс л  авсан тэр  санал асуулгыг  хүчин төгөлдөр гэж үзэхэд учир дутагдалтай. Магадгүй түүний оронд   УИХ дахь экологич гишүүн Г.Баярсайханы нэгэнтээ “Ногоон бүсэд алт олборлох эсэхээ ард түмнээсээ асуу” гэсэнчлэн өнөөдрийн топ сэдэв болоод байгаа  Ноён уулын ордыг ашиглах уу, үгүй юу гэдгээ л ард түмнээсээ асуусан бол өөр байж болох юм.

Би Монгол хүн гэж хэлэхийн тулд бид Монголынхоо  төлөө гэсэн цохилох зүрхтэй байх ёстой 

 

Хүн төрөлхтөний түүхийн  дурсгалыг бид  шийдэх эрхгүй

Хүннүгийн булшийг судалсан Оросын эрдэмтэд олон юм хэлэхийг хүсээгүй, гэхдээ тэд манай эрдэмтэн, докторуудаас огт өөр байр суурьтай. Тэд  уул уурхай түүхийн дурсгалтай хаяа залгаж байгаад таагүй сэтгэгдэлтэй байдаг юм билээ. 

 

Ер нь бол  ард нийтийн санал асуулгыг  тэр бүр явуулаад байдаггүй. Ард нийтийн санал асуулга нь улс орон, эсвэл тодорхой иргэн бүрийн хувьд амин чухал  асуудлыг шийдвэрлэхэд  оролцох бүх  нийтийн оролцооны нэг арга учраас  Үндсэн хуулийн өөрчлөлт, ард түмний  нийтлэг ашиг сонирхолтой холбоотой амин чухал асуудлаар зарлан явуулах горимтой. Тэгвэл анхны төрт улсын түүхэн сурвалж, Хүннүгийн язгууртан, дээдсийн 200-300 булш, бунхныг хадгалсан  Ноён уул монгол түмний түүх, соёлын голомт болохын хувьд  Монгол Улсын аюулгүй байдалтай шууд холбоотой. Цаашилбал,  түүнийг  хөндөх, алтны шороон ордыг  гадаадын компанид ашиглуулах нь  үндэсний төдийгүй, хүн төрөлхтөний түүхтэй  холбоотой  маш  том асуудал. Гэтэл өнөөдөр Монголын Засгийн газар, нам дамнасан улстөр, бизнесийн  бүлэглэл дангаараа шийдэж, стратегийн ордод хамааруулан гаднын нэг компани /Сентерра Гоулд/-д  өгөх гэж байна. Дотоодын компани ч байсан мөн адил. Энэ бол  Монголын Засгийн газар нь байтугай гурван сая монгол хүний дангаараа шийдэх асуудал биш.

Ноён уулыг ухаж болохгүй гэх эсэргүүцэл, хөдөлгөөн гарахтай зэрэг тархи угаадаг хэсэг, бүлэг хүн баахан сурталчилгаа хийдэг нь гэм биш зан. Одоогоос 3-4 жилийн өмнө тоть шиг давтаж байсан “Уул уурхайн ашиглалтын талбай Ноён уулын булшнаас  долоон метрийн хол оршдог” гэх  үгээ өнөөдөр ч хөхөө шиг донгодох нь халаг байна. Ноён ууланд 1911 онд алтны судал хайгчид    Хүннүгийн язгууртны булшийг анх нээж,  түүнээс улбаалан    1924-1925 онд Оросын аялагч П.К.Козлов  Хүннүгийн язгууртны болон жирийн иргэдийн нийт 12 булш малтаж  илрүүлсэн нь XX зууны дэлхийн их нээлтийн нэгд тооцогдсон.  Гэхдээ  тэнд хэсэгчилсэн  судалгаа хийснээс  биш   мэдээллийн асар том бөгөөд  чухал  хэсгүүд хаягдаж орхигдсон нь цөөнгүй. Түүнээс хойш буюу 1964 оноос 2005 он хүртэл  огт судлагдаагүй байсан Ноён уулнаа   2006 оноос  ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэн  хамтран “Монгол нутаг дахь Ноён уулын булшны археологийн судалгаа” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлж  ирсэн байдаг. Тус хээрийн шинжилгээний ангийг Монголын талаас доктор Н.Эрдэнэ-Очир, Оросын талаас ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэнгийн доктор Н.В Полосьмак нар удирдан ажилласан. Тэгвэл тэдэнтэй бараг л дөрөө харшуулан  2006-2007 оноос уул уурхайнхан тэр хавиар эрэл хайгуул хийж эхэлсэн байдаг.

 

Сентерра Гоулдын хайгуулын талбай Ноён уултай хамаагүй гэдгийн цаана...

Ноён уулын бүсэд  42 уул уурхайн компани ажиллаж байна. Тэгвэл энэ бүсэд 320 гаруй Хүннүгийн дурсгал илэрсэн. Хамгийн олон дурсгал бүхий газар нь Сүжигтийн ам юм.

 

Хамгийн сонирхолтой нь  байгаль хамгаалагч иргэд, нутгийн оршин суугчид, Төрийн бус байгууллагуудын зүгээс уул уурхайнхны ашиглалтын талбайд Хүннүгийн булш, бунхан орчихлоо гэсэн эсэргүүцэл гаргахаар тус компанийн марктенгийн ажилтнууд болон Орос-Монголын шинжилгээний ангид Монголын талаас ажиллаж буй  гэх доктор Н.Эрдэнэ-Очир  нар  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр   “Сентерра Гоулд”-ийн лицензийн талбайд ямар ч хамааралгүй. Хол оршдог, хоорондын зай нь долоон  км шүү дээ. Ер нь олборлолтын нэг ч компани түүхийн дурсгал бүхий бүст  ажиллаагүй ” гэж  тайлбарладаг. Тэдэн дээр бас нэг эрхэм дуу хоолойгоо нэмэрлэж ирсэн нь  Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, тус аймгийн Засаг дарга асан, тэндээс сонгогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан, өөрийгөө Ноён уулын өвөлжөөнд төрж, өссөн хэмээдэг Р.Нямсүрэн. Бараг л миний төрсөн өвөлжөө учраас би мэдэж байна, нутгаа эдийн засгийн эргэлтэд оруулж “Сентерра Гоулд”-д өгье гэж ярьдаг нэгэн. Компанийн захиалгаар бусдыг төөрөлдүүлсэн нийтлэл маягийн юм бичиж төвийн хэвлэлээр төлбөртэй хэвлүүлсэн нь ч цөөнгүй.  Тэгвэл тэр нутагт төрж өссөн,  тус нутгийн уугуул, судлаач Ө.Бавуу гэх эрхэм монголчуудад хандаж “...Монголын түүхэн сурвалжуудаас үзэхэд Хатан Туулын Богд уул, Хараа голын Ноён уул, Хан Хэнтийн Бурхан халдун хэмээх гуравхан газрыг эртний тахилагатай, дархлагдсан онгон дагшин газар хэмээн нэр зааж тэмдэглэгдсэн байдаг. Монголын өргөн уудам нутаг дэвсгэр дээр олон зуун уул нуруу байдаг боловч ухаант дээдэс маань энэ гуравхан уулыг тэгтлээ онцлоод байгаа нь цаанаа л нэг учиртай байх.

... Ноён уулын умард этгээд, Балж, Гачуурт, Улиаст голуудын сав газарт Хүн гүрнээс Монголыг хүртлэх хоёр  мянгаад жилд 100 гаруй булш, түүх соёлын дурсгал бий гэдгийг өвгөн түүхч миний бие батлан хэлж чадах юм” хэмээн ил захидал бичсэн нь бий. Нэг нутаг усанд төрж өссөн, үе насны хоёр өвгөн буурлын үзэл бодол, эх нутгаа гэх сэтгэл,  хүсэл мөрөөдөл  ийм л өөр байгаа юм. Үүнээс тэдний хэн нь хэн бэ гэдгийг тааж ядах юмгүй. 

Монгол хүн бүр түүх, дурсгалаа хамгаалъя гэж байгаа ч өнгө мөнгөний хорвоод өдөр шөнө солигдохтой адил байр суурь нь солигдож буй хүн ч бас цөөнгүй. Тухайлбал, саяхнаас нэгэн  археологич  “Ноён ууланд алтны уурхай, Хүннүгийн дурсгал хоёр зэрэгцэн оршиход болохгүй юм үгүй” хэмээн ярих болсон нь доктор Д.Эрдэнэбаатар гэх эрхэм. Улаанбаатар их сургуулийг МУИС-тай нэгтгэхээр шийдвэр гарахад “Хоёр сургуулийг нийлүүлж болохгүй, археологийн судалгаа зогслоо” хэмээн эсэргүүцээд байсан нөхөр. Тэр хүн үнэхээр археологич, Монголын түүх, соёлд хайртай, судлаач юм бол хэчнээн тонн алтаар ч үнэлж баршгүй  Хүннүгийн  дурсгал, Монголыг сүйрүүлсэн “Бороо Гоулд”-ын охин компани болох “Сентерра Гоулд” –ын хөлд үрэгдэх гэж байхад “Зэрэгцээд байж байхад болохгүй юм үгүй. Харин ч уул уурхайн компани мөнгө гаргаад жуулчлал хөгжүүлэх юм биш үү” гэж  байгаа нь гайхмаар. Цаашид мөнгөөр дуугарах хүн мөн ч олшрох төлөвтэй нь аймаар.  Харин Монголд ирж Ноён уулын булшийг судлах төсөлд ажилласан Оросын шинжилгээний ангийнхан  манай судлаачдаас  өөр  байр суурьтай байдаг юм билээ.  Миний бие  2009 оны наймдугаар сард сэтгүүлч нөхдийн хамт баруун аймгаар сурвалжлага хийгээд буцах замдаа шинжилгээний ангийхны ажлыг сонирхсон юм. Тухайн үед 2005 онд хийсэн малтлагаасаа  холгүйхэн  Хүннүгийн томоохон булш илрүүлж,  таван үед нь хүртэл малтлага хийгээд байсан доктор Е.С.Богданов, Н.В.Посольмак нар эртний түүх дурсгалын өлгий болсон Ноён уул уул уурхайн компанийн лицензийн талбайтай ойр байгаад тийм ч таатай байгаагүй нь анзаарагдаж байсан юм.   Энэ талаар асуухад  тэд юм ярихыг хүсэхгүй байгаагаа хэлж байв.  Тэгээд ч тэд  нэг улсын дотоод хэрэгт хутгалдахыг тэд хүсээгүй нь дамжиггүй.  Бидний хувьд  тухайн үед хэл ам, дарамт шахалт байдаг биз гэж бодоод   өнгөрсөн.

 

 Үргэлжлэл бий.