Замын хажуугаар хүмүүс бараг км гаруй урт дараалал үүсгэн зогсчээ. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг хүлээж буй ховдчууд. Хотоос 1500 орчим км алсад орших Ховд нутгийн иргэд аваргыг ирэх сургаар ийнхүү цугларсан юм байна. “Аваргатайгаа гар барья байз”, “Эрдэнээ хүүгээ сонгоно оо”, “Ёстой нүдээ олж нэр дэвшүүлжээ” гэх үгс энэ хүмүүсийн ярианы гол сэдэв байв. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд төрсөн нутаг хан Хэнтийгээс нь дутахгүй олон дэмжигч Ховдод байдаг аж. Гоё ярьдаг бус, голыг нь олж хийдэг хүнийг сонгоно гэдгээ ховдчууд хэлж байна лээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн дэвшүүлсэн “Эвийг эрхэмлэнэ, Зөвийг дэмжинэ” гэсэн уриа ч энэ л нутгийнханд зориулагдсан юм шиг. Олон ястны өлгий болсон Ховд аймгийг үхрийн бөөртэй зүйрлэх нь бий. Хэдий олон ястан амьдардаг боловч нэгэн цул болон эвлэж чаддаг, нутаг орноо хөгжүүлж чаддаг болохоор тэр байх. Тиймээс ч эвийн хүчийг уриагаа болгосон нэр дэвшигчийн хувьд Б.Бат-Эрдэнэ баруун аймгуудад хийх сурталчилгаагаа эвлэж чаддаг, бүтээж чаддаг Ховд аймгаас эхлүүлсэн байна. 
Ховд хотын Хөгжимт драмын театрт нэр дэвшигчийн иргэдтэй хийх эхний уулзалт болов. Төрийн албан хаагчид, тэр тусмаа хүчний байгууллагынхантай хийсэн энэхүү уулзалт ихээхэн онцлогтой болсон. Учир нь, нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хувьд 18 насандаа цэргийн албанд татагдсанаас хойш хууль, хүчний байгууллагад олон жил ажилласан хүн. Энэ салбарынханд тулгамдаж байдаг бэрхшээлийг хамгийн сайн мэддэг, түүнийг нь шийдэх гарцыг ч судалсан хүн юм. Тиймээс санаа бодлоо хүчний байгууллагынхантай эхэлж хуваалцах нь зүйтэй гэж үзжээ. Монгол Улсын батлан хамгаалах бодлого, цэнхэр дуулгатнуудаа энхийг дэмжих ажиллагаанд хэрхэн оролцуулах, хүчний байгууллагуудын алба хаагчдын амьдралын чанарыг хэрхэн сайжруулах боломж байгаа зэрэг олон асуудлаар санал бодлоо хуваалцсан.

TOK_8608

 

Уулзалтын үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнийг яагаад нэр дэвшүүлснээ тайлбарласан юм. Тэрээр “Манай нэр дэвшигчийг дэмжин 1000 гаруй хүн биднийг тосон авлаа. Бүгдтэй нь гар барьж мэндчилсэн. Үнэхээр сайхан эерэг энерги авлаа. Монголчууд хэдхэн хоногийн дараа буюу ихээхэн онцлог үед төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Амаргүй үе шүү. Саяхан Монгол Улсад айлчилсан Нобелийн шагналт Ан Сан Сучи “Дүр эсгэсэн хуурамч ардчилал бол дарангуйллаас дор” гэж Монголын өнөөгийн нөхцөл байдлыг ерөнхийд нь дүгнэж хэлчихээд явсан. Ийм цаг үед МАН Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж байна” гэв.
Нэр дэвшигчээ тодруулдаг хуучин арга барилаа ч МАН нэлээд өөрчилсөн гэдгийг тэрээр онцолсон. Хамгийн түрүүнд Төрийн тэргүүнд тавигдах шалгуур юу байх талаар иргэдээсээ асууснаа хэллээ. 190 гаруй мянган хүний дунд санал асуулга явуулж, Ерөнхийлөгч хүнд тавигдах шалгуурыг гаргаж иржээ. Энэ бол нэг намаас зохиочихсон шалгуур бус, нийт ард түмний хүсч буй Ерөнхийлөгчид тавих босго юм. Тухайлбал, “Үндэсний эв нэгдлийг хангаж чадах, монголчуудаа гарал үүсэл, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэж чадах хүн байх ёстой” гэж иргэдийн олонхи санал гаргажээ. Мөн Ерөнхийлөгч хүний ам, ажил хоёр зөрдөггүй байх ёстойг голчилж үзсэн гэнэ. Хэчнээн гоё ярьдаг ч тэр нь хэрэгждэггүй бол тийм хүн хэрэггүй гэж саналаа өгсөн ажээ.

Ерөнхийлөгч хүнд байх ёстой бас нэгэн чухал шалгуураар эх оронч, үндэсний үнэт зүйлсээ дээдэлдэг, байгаль дэлхийгээ шүтэн хайрладаг байх гэсэн үзүүлэлтийг нэрлэсэн юм байна. Тэгш байдал, шударга ёсыг ажил үйлсээрээ сахиулдаг, өөрийн биеэр үлгэрлэдэг тийм л хүн Монгол Улсын Ерөнхийлөгч байх ёстой гэж санал асуулгад оролцсон 190 гаруй мянган хүн байр сууриа илэрхийлжээ. Тиймээс эхлээд энэ шалгуурт нийцэх хүмүүсээ МАН тодруулж, улмаар хамгийн сайн тохирохыг нь сонгож нэр дэвшүүлсэн гэдгийг Ө.Энхтүвшин дарга тодотгосон. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг “Эрх ашгийн эрэмбээ зөв тогтоож чаддаг хүн” гэж тодорхойлж байсан юм.

TOK_8613

Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд хотод шийдлээ хүлээсэн олон асуудал байгаа юм билээ. Хэдийгээр жил ирэх тусам төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөгжиж буй ч шийдэх асуудал, хийх ажил олон байгааг аймгийн удирдлагууд ч хэлж байв. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ч бүгдээрээ хичээгээд зүтгэвэл асуудлыг шийдэх боломжтойг онцолсон.
Ховд их сургуулийн хурлын танхимд хийсэн уулзалтын үеэр иргэд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. Хэдийгээр түүний өрсөлдөгч нь энэ нутгийн хүн ч гэсэн иргэд МАН-ын нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ хэлсээр байв. Тухайлбал, Ховд хотын иргэн Г.Пүрэвганди “Нутаг усныхаа хүнийг дэмжилгүй яахав. Дэмжих ч ёстой. Тулах ч хэрэгтэй. Гэхдээ нутаг усаа гэсэн үзлээс илүү эрхэм зүйл гэж байдаг. Төрийн тэргүүнээ сонгохдоо бид улсаа бодох ёстой, үндэсний эрх ашгаа дээдлэх ёстой. Тиймээс би нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжих болно” гэж байлаа.
МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хувьд “Урт нэртэй” хуулийн автор. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, олборлох тухай хуулийг санаачлан батлуулсныг нь Ховдын ард түмэн талархан хүлээн авчээ. Үүнийг иргэн Д.Энхболд хэлж байна лээ. Яагаад гэвэл, Ховдын ард түмэн Буянт голоо дагаж амьдардаг. Зуун зуун жилийн түүх нь энэ голтойгоо холбоотой. Харин “Урт нэртэй” хуулийн буянаар Буянт гол ч бас хамгаалагдаж байгаа аж.

Энэ нутгаас УИХ-д олон удаа сонгогдсон туршлагатай парламент Д.Дэмбэрэл “Би УИХ-ын дарга байхдаа Б.Бат-Эрдэнэд итгэж олон ажил даалгаж байсан. Бүгдийг нь ямар ч өө сэвгүй хийдэг, төрийн ажлын туршлагатай, итгэл дааж чадах хүн” гэж байв. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт эв нэгдэл чухал гэдгийг онцлоод төрийн албан хаагчдын халаа сэлгээ явагдаж, иргэд айдас түгшүүртэй амьдарч буй энэ үед нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байж чадна гэж хэлж байлаа.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хувьд “Би 1989 онд Улсын их баяр наадамд түрүүлж аварга цол хүртээд Ховд нутагт ирж Чандмань сумын наадамд зодоглож байлаа. Тэр цагаас хойш олон удаа энэ л сайхан нутагт ирэх боломж тохиож байлаа” гээд Ховд аймагт тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдэх бололцоотойг онцолж байв. Бүсийн нэмэгдлийн хуулийг УИХ-аар батлуулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хотод хямд, Ховдод үнэтэй байдгийг болиулах гэх мэт тус аймгийнханд тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцсон юм.