Баярын үеэр хоол хүнсний аюулгүй байдал алдагдах магадлалт өндөр байдаг. Бидний эрүүл амьдралын эх үндэс нь хоол хүнс гэдэгтэй хэн ч маргахгүй.

Тэгвэл сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал алдагдсан. Импортын хүнсний бүтээгдэхүүнээс өт, хачиг зэрэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх зүйлс илэрлээ хэмээхэд гарч ирэх ёстой зүйл гараад ирчихсэн юм шиг хээвнэг тоохооргүй болсон.

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сарын баяр дөхөж байгаа энэ үед худалдаанд байгаа алимнаас гачиг илэрчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Цагаан сар–Таны оролцоо” аяны хүрээнд Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны бөөний төв, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийсэн байна. Уг шалгалтын үеэр Ховд аймгийн Ярантын боомтоор импортлон оруулж ирсэн алимнаас дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд жимсний улаан хачиг илэрсэн аж. Хачигтай алим худалдаалж байсан газарт нь ариутгал  хийлгэн, алимыг хурааж битүүмжлэн, устгахаар болжээ.

Жимсний улаан хачиг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй, хөнөөлт шавж бөгөөд энгийн нүдээр бараг харагддаггүй гэдгийг мэргэжлийн хүмүүс онцоллоо.

ХАЧИГ-тай алимыг таних арга: Алимны ишний хонхор хэсэгт гачиг нь байрладаг тул сайтар шалгаж, харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн байвал болгоомжлох хэрэгтэй гэдгийг анхааруулья.

Чанарын баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаа, гудамж талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь таны эрүүл мэндэд тустай. 

 

 

Х.Даваа