Нийслэлийн мэргэжлийн хяналтын лабораторид шинжлэгдэж байгаа сорилтын дүнгүүдэд хийсэн судалгаагаар ариутган савлаж битүүмжилсэн төрөл бүрийн салатууд, кимчи, хэрчсэн гурил, хэвийн боов, еэвэн зэрэг бүтээгдэхүүнүүд стандартын шаардлага хангахгүй гарчээ.

Мөн үнээний сүүнд бруцелла илэрсэн, ариутгасан тетрапак савлагаатай сүүний хуурай бодис бага гарсан тохиолдол гарсан байна. Түүнчлэн цагдаагийн газрын хүсэлтээр улсын байцаагчдаас шинжилгээнд ирүүлсэн найман төрлийн архи шинжилгээгээр хуурамч болох нь тогтоогджээ.

Стандартын шаардлага хангаагүй кимчи, салатнууд нянгийн бохирдол ихтэй, хэвийн боов тослог багатай, хүчиллэг өндөртэй, чийг багатай байгаа бол хуурамч архинуудын этилийн спиртийн агууламж заасан хэмжээнд хүрэхгүй, гадны механик хольцтой байгаа нь илэрсэн байна.

Иймд иргэд та бүхнийг дараах бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байх, аливаа бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүсэл, үйлдвэрлэсэн он сар, лац зэргийг нь сайтар шалгахыг анхаарууллаа.