П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт Япон улсын “Heart saving project” буюу “Зүрхээ хамгаалъя сан”-ийн дэд тэргүүн Хидэши Томита тэргүүтэй Япон улсын эмч нарын баг зүрх судасны гажигтай бага насны хүүхдүүдэд судсан дотуурх мэс ажилбарын тусламж үйлчилгээ үзүүлэхээр 2014 оны 05 дугаар сарын 03- 07-ны хооронд үйл ажиллагаа явуулж байна. 

Япон улсын “Heart saving project” нь 2001 оноос хойш Монгол улсын зүрх судасны гажигтай бага насны хүүхдүүдэд эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлж өгөх зорилгоор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй 13 жилийн турш хамтран ажиллаж байгаа билээ. 

Энэ удаа Хидэши Томита тэргүүтэй Япон улсын эмч нарын баг тус эмнэлэг дээр зүрхний гажигтай бага насны нийт 30 хүүхдэд судсан дотуурх мэс заслыг хийх юм. “Зүрхээ хамгаалъя сан” төслийн хүрээнд дээрх баг 13 жилийн хугацаанд Монгол улсын нийт 18 аймагт 5000 хүүхдэд эрт үеийн оношилгооны тандалт судалгаа, зүрхний гажигтай бага насны 450 хүүхдэд судсан дотуурх мэс ажилбарын тусламж, үйлчилгээг үзүүлжээ.  

alt

Тус “Heart saving project” төсөл нь хүүхдийн зүрх судасны оношилгоо, мэс заслын эмчилгээгээр мэргэшсэн Япон улсын эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг бөгөөд ихэвчлэн Монгол зэрэг хөгжиж буй улс орнуудад эмнэлгийн тусламж, үйлчилгээний сайн санааны үйл ажиллагаа эрхлэх үндсэн зорилготой байгууллага юм. 

Энэ зорилгынхоо хүрээнд манай улсын судсан дотуурх эмчилгээ шаардлагатай зүрх судасны гажигтай хүүхдүүдэд эх орондоо чанартай эмнэлгийн төгс тусламжийг үнэ төлбөргүй авах боломжийг нь бүрдүүлж, олон арван хүүхдийн амь насыг аврахын зэрэгцээ, тус эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг дагалдуулан сургаж, Монгол улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг дэмжиж эмч мэргэжилтнийг ажлын байран дээрээ мэдлэг ур чадвараа дээшлүүлж, тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлж өгч байна.  

alt

05 дугаар сарын 03-ны өдөр тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир тэргүүтэй эмнэлгийн захиргаа, удирдлагууд Хидэши Томита эмчийн багыг хүлээн авч уулзаж, Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогыг танилцуулж, ялангуяа хүүхдийн зүрх судасны тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд одоогийн тулгамдаж буй асуудлууд болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, хойшид ч мөн харилцан ашигтай нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар зөвлөлдлөө. 

Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн биеэр тус эмнэлэг дээр хүрэлцэн ирж, Хидэши Томита тэргүүтэй Япон эмч нарын багтай уулзалт хийж, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг дэмжиж монголын хүүхдүүдэд эх орондоо эмчлүүлэх боломж олгож хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд, үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.