Гацуууртын орд ашиглахгүй, Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахгүй байхын төлөө  “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүд өлсгөлөн зарлаад  одоогийн байдлаар  165 цаг болж байна. Тэд хэдийгээр биеийн байдал “гайгүй дээ” гэж байсан ч  ярихдаа амьсгаадаж сульдсан нь ажиглагдаж байсан юм.  Одоогоор өлсгөлөн зарлаж байгаа хүний тоо нэмэгдээгүй ч   өлсгөлөн зарлахаа мэдэгдээд  эмчийн үзлэгт орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа юм.  

Бид өлсгөлөн  зарлаад  байгаа “Босоо хөх Монгол” бүлгэмийн  гишүүн П.Алтангэрэлтэй  ярилцаж цөөн зүйл тодрууллаа

- Өлсгөлөн зарлаад 165  цаг болчихлоо. Биеийн байдал ямар байна?

- Гайгүй дээ.  

- Та амьсгаад ярихад хэцүү байна ш дээ?

- Бид нар угаасаа газар шорооныхоо төлөө амиа золихоос айхгүй байна.  Эцсийн үр дүн л чухал.

- Өчигдөр өлсгөлөнг хүчээр тараана гэсэн яриа байсан?  

- Урьд шөнө Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн газрын дарга нь нийтийн эзэмшлийн талбайд байгаа машинуудаа авч явахыг 23 цагийн орчим шаардсан. Шөнийн 23 цагт  зогсоол дээр байгаа машиныг чөлөөл гэдэг шаардлагынх нь дагуу маргалдсан. Ноцтой асуудал гараагүй. Өлсгөлөнг арай ч хүчээр зогсоохгүй байх. Зогсоовол яахыг мэдэхгүй байна. 

- Өнөөдөр урт нэртэй хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ?  

- Өнөөдөр  УИХ-ын нэгдсэн чуулганаар  урт нэртэй хуулийг хэлэлцэнэ.  Хэрвээ нааштай хариу гарахгүй бол хуурай өлсгөлөн зарлана даа. Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Хэрвээ урт нэртэй хуулинд өөрчлөлт  оруулах юм бол Гацууртын орд шиг олон ордыг стратегийн орд болгоод   ухах болно.

- Сар шинийн баяр болж байсан гэсэн үү?

- Тэр хамаагүй ээ. Бид зорьсон зорилгодоо хүрэхийн тулд цагаан, ногоон сар, баяр ёслол юу байна тэр хамаагүй. Бид хамгийн гол нь зорилгодоо хүрэхийн төлөө л байна.

- Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар  “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” төсөл 20 хувь гэдгийг дэмжээгүй шүү дээ. Уг төслийн талаарх таны бодол?

- Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаад  намрын чуулган тарна.  Хаврын чуулганаар асуудлыг авч хэлэлцэх байх гэж бодож байна. Гэхдээ Ноён уулыг хэзээ ч ухуулахгүй.

- УИХ-ын гишүүдтэй уулзсан. Энэ талаар тодруулбал?  

- Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн, Гацууртын ордыг ашиглахгүй гэдгээ илэрхийлж гарын үсэг зурсан 16 000  гаруй  хүний нэр болон гарын үсгийг  Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүд өгсөн байгаа. Гишүүн Ерөнхийлөгчид өргөн барина.

Бие даагч гишүүд “та бүхэнтэй хамт шүү” гэж байсан. С.Ганбаатар гишүүн биднийг өлсгөлөнгөө зогсоогоочээ гэж уриалсан. Гэхдээ бид үр дүнгээ хартал өлсгөлөнгөө зогсоохгүй.

- Ярилцсан таньд баярлалаа. 

 

А.Баярмаа