“Хүүхдэд ээлгүй Монгол”
Дөрөвхөн настай охин харамсалтайгаар амиа алдаж, олон нийтийг цочирдуулаад байна. Энэ хэрэг гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл манай улсад хэдийнэ газар авч “хүүхдэд ээлгүй Монгол Улс” болчихоод байгаа дахин нотолсон үйл явдал боллоо. Учир нь хүний санаанд багтаамгүй сэтгэл сэрдхийлгэсэн хэргүүд сүүлийн үед шилээ даран гарсаар л байна. Тухайлбал, өнгөрсөн 2013 онд төрсөн эцэг нь тавхан настай хүүгээ заазуурдсан хэрэг гарч олныг хиртхийлгэсэн. 

Тэгвэл мөн л хоёр жаахан хүүхдийг төрсөн эцэг нь хазаж тамласан хэрэг гарч байв. Тухайн хэргийг шүүх хурал болж, гэмт этгээдэд 3.6 жилийн хорих ял оноосон байдаг. Түүнчлэн өнгөрсөн өвөл Хандгайтад 60 орчим настай иргэн чаргаар гулгаж явсан хүүд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага уг хэрэгт Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.  Уг зүйл ангид "Бусдын амийг санамсар болгоомжгүй хөнөөвөл тав хүртэл жил хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг аж. Ийнхүү бас л нэг хүүхэд чаргаар гулгасныхаа төлөө таван жил торны цаана суухад хүрээд байна. 

Түүнчлэн манай улсад хүүхдийн эрх зөрчигдсөөр байгааг байнга ярьж бичиж байгаа ч шийдэлд хүрч чадахгүй л байна. Үнэндээ Хүүхдийн төлөө үндэсний газар гэж сүржин нэртэй байгууллага байдаг ч энэ байгууллага юу хийдэг нь тодорхойгүй. Сүүлийн үед тус газрын дарга И.Нарантуяаг олон нийт ихээхэн шүүмжилж байна.  Гэр бүлийн хүчирхийллийн  золиос дөрвөн настай охин болж амиа алдсан. Тэгэхээр энэ мэт  харамсалтай хэрэг дахин гаргуулахгүйн тулд бодлогын болон эрх зүйн талаас ямар алхам хийх шаардлагатай байна вэ. Бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн тохиолдол сүүлийн жилүүдэд ихээр гарах болов. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудлаар Хүүхдийн төлөө үндэсний төв ямар, үүрэг, оролцоотой ажилладаг вэ. Хурдан морь унаач хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа тухай шүүмжлэл яригддаг. Унаач хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр танай байгууллагаас нэрлэсэн ямар ажлуудыг хийж байна вэ гэх асуултуудыг түүнд дайгаад байгаа. Үндсэндээ И.Нарантуяа дарга ширээнийхээ араас холдож “ажлаа хийхийг” олон нийт хүсч байна. 

Дөрөвхөн настай охин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсанд олон нийт харамсахын зэрэгцээ ээжүүдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдожид хандаж хүсэлт илгээсэн юм. Тодруулбал, 
“Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа 
Танд энэ өдрийн мэндийг хүргэж, нойргүй уйлж хоносон нэгэн эгэл ээжийн зүгээс дараах хүсэлтийг илгээж байна. 
Цахим ертөнцөд олны дургүйцлийг хүргэж, мянга мянган монгол ээжүүдийн нойрыг хулжааж, айдаст автуулсан аймшигт хэргийн талаар та сонсож, мэдсэн байх аа. 

Энэ бол зөвхөн талийгч дөрөвхөн настай бяцхан охины хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх тухай хүсэлт бус монгол эмэгтэйчүүд тэдний эрх ашиг, ялангуяа монголын бяцхан үрсийн тухай үндэсний эмгэнэлийн тухай хүсэлт юм. 

‪#‎Хүсэлт‬ 1. Эцгийн гарт амиа алдсан дөрвөн настай охины хэргийг нээлттэй шүүх хурлаар оруулах. 

#Хүсэлт 2. Энэ хэрэгт хатуу хяналт тавьж ажиллахыг холбогдох яаманд үүрэг болгох, таны ажлын албанаас тусд нь ажлын хэсэг байгуулж ажиллуулах. 

#Хүсэлт 3. Монгол хүүхдийн амь насыг санаатайгаар хөнөөсөн гэмт хэрэгтэнд цаазын ял оноож хуулийг гаргах. 

Энэ 3 хүсэлтийг олон мянган ээжүүд дэмжинэ гэдэгт итгэж байна. 

Ннэгэн жишээ хэлэхэд ОХУ-н таван настай хүүг АНУ-ын хоёр иргэн үрчилж аваад долоон нас хүртэл тэжээхдээ маш их хүчирхийлж, биед нь 100 гаруй зүү шивж алсан хэрэг цахим ертөнцөд ил болоход Ерөнхийлөгч Владимир Путинд шөнийн 03 цагт Думыг яаралтай хуралдуулж АНУ-н иргэдэд орос хүүхдийг үрчлүүлэхгүй гэсэн хуулийг тэр дор нь гарган баталж байсан тухай тухайн үед хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. 

Үүнтэй адил таныг ч мөн УИХ-н онц хурлыг яаралтай хуралдуулж  “Хүсэлт 3”-ыг хуульчлан батлахыг дахин дахин хүсье” гэсэн байна. Эрхэм Ерөнхийлөгч ээжүүдийн болон олон нийтийн хүсэлтийг харгалзан үзэж, шийдвэр гаргах түвшнийхэн ч энэ асуудалд анхаарлаа хандуулж “Хүүхдэд ээлтэй Монгол” болохын төлөө ажиллах хэрэгтэй байгааг дурдах юун. 
Дашрамд дурдахад, талийгаач охины гэгээн дурсгалд зориулж өнөөдөр ээжүүд Чингисийн талбайд зул өргөх бол жиргээчид Зайсангийн Бурхантай хөшөөний дэргэд мөн зул өргөж, дуу хоолойгоо нэгтгэхээр болсон байна. 
 

П.ТУУЛ