Н.Энхбаяр АТГ-аас айхгүй байгаа гэнэ
МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирээд удаагүй байна. Тэрбээр Монголд улс төрийн байгууллага үүссэний 94 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан шинэ гишүүддээ үнэмлэх гардуулсан. Н.Энхбаярыг эх орондоо ирэнгүүтй АТГ-аас байцаасан. Тэгвэл энэ талаар Н.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголын ард түмэн үүнийг гадарлаж байгаа байх. Төрийн тэргүүний албаа өгөөд зургаан жил өнгөрлөө. 2009 онд ажлаа өгснөөс хойш улс төрийн үйл ажиллагаа явуулж, бизнесийн болон авлига, хээл хахуультай холбогдсон зүйл үгүй. Мөн энэ жилийн Цагаан cap Эх орончдын өдөртэй ойрхон тохиож байна. Харамсалтай нь Монголд улс төрийн өрсөлдөгчөө хууль хяналтын байгууллагаар дарамтлуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах бололцоог нь хаах гэж оролцдог буруу соёл тогтчихлоо. Энэ нь бүр уламжлал болох нь. Би үүнээс нь айж, дуугүй явж болно. Гэвч улс төрийн өрсөлдөөнийг шударга сонгуулиар, айлгалгүй явуулах ёстой. Айлгадаг нь ард түмэн болохоос АТГ, эсвэл цагдаа биш. Тийм учраас ард түмнээсээ айж, амь нэгтэй амьдаръя” гэсэн байна. 

Түүгээр ч зогсохгүй АТГ-ын ажилтнууд ямар үндэслэлээр байцаах гэж байгаа талаар өөрт нь хэлээгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд “Өмгөөлөгчтэйгөө ярьж, ямар хэргээр сэжиглэж байгааг нь сонсож байж хариу өгнө. Улс төрийн зорилгоор үйл ажиллагаа явуулахад минь саад болох гэж байгаа бол би ямар ч хэрэг хийгээгүй” хэмээсэн байна. 

    Ямартай ч тэрбээр энэ удаа эх орондоо ирээд АТГ-т байцаагдахаас айхгүй байгаа гэнэ. Харин олон нийт түүнийг энэ хавар улс төрийн ямар тоглолт хийх бол хэмээн ажиглаж байгаа.  Н.Энхбаяр “Тавантолгой, Оюу толгой, Гацуурт гээд л олон зүйлийн талаар ярьж байна. Гэхдээ би мэдээллээс хол байгаа учраас хариулт хэлэх боломж алга. Судалж байгаа. Шаардлагатай тохиолдолд байр сууриа илэрхийлнэ. Мэдээлэл дутуу байж шууд ярих нь учир дутагдалтай. Ер нь үндэслэлтэй ярьж сурах хэрэгтэй. Би энэ л зарчмын дагуу байр сууриа илэрхийлэх дуртай” гэсэн байна. Тэгэхээр ямартай ч Н.Энхбаяр мега төслүүдийн талаар ямар нэгэн байр суурь илэрхийлэх бодолтой байгаа нь тодорхой боллоо. 
 
П.ТУУЛ