Одоогоос 3  жилийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ “цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарын талаар хууль бусаар баяжиж буй тухай ард түмний дунд янз бүрийн яриа байдаг, энэ ярианы үнэн худлыг олохын тулд цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарыг шалгах шаардлагатай..., Хууль бусаар гэнэт их хөрөнгөжсөн тийм хүмүүсийн асуудлыг би энд хөндөж байна. Тэд хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй атлаа хуулийг зөрчдөг, шударга ёсыг сахиулах томилгоотой, тийм тангарагтай мөртлөө шударга бусыг хийдэг. Төсөв нь алдагдалтай төрөөс цалин авч, хувцас өмсөж, албан тушаалын зарим хангалт авдаг мөртлөө мөнгө хөрөнгө нь бялхсан, багтаж ядсан байдаг тухай би сонссон. Зөвхөн би ч биш энэ тухай өнөөдөр Монгол сонсож байна. Итгэсэн ардынхаа элэг рүү ингэж өшиглөж болохгүй. Хууль завхруулдаг хууль сахиулагчид байж болохгүй” гэж  анх удаа төрийн нэр, албан тушаалаа ашиглаж “баяжсан” хурандаа нарт шүүмжлэлттэй хандсан. Үүний дараагаар цөөнгүй хурандаа нарыг АТГ шалгаж, албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Ингэж хөрөнгөлөг хурандаа нарыг чөлөөлөх явцад тухайн үеийн  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд сүрдүүлэг ирж байсан удаатай.

 

Тэгвэл өнөөдөр “хөрөнгөлөг хурандаа” гэдэг нэр томьёо дахин сэргэж эхлэж байгаа юм биш биз гэсэн хардлага иргэдийн дунд төрөх боллоо. Хууль зөрчин үйл ажиллагаагаа явуулдаг шөнийн  клуб, бар цэнгээний газрууд,  гадны хөрөнгө оруулалттай  ресторан, хоолны газар, уул уурхайн  компаниудын  хойно цагдаагийн байгууллагын өндөр албан тушаалтнууд “байж”  асуудлыг нь аргалдаг, үүнийхээ төлөө “шан харамж” авдаг явдал бол “хөрөнгөлөг  хурандаа” нарын оршин  байх гол нөхцөл. Иргэдийн дунд хууль зөрчин үйл ажиллагаага явуулдаг байгууллагууд байдаг ч мэргэжлийн байгууллага шаардлага тавихад  хэд хоногийн дараа эргээд үйл ажиллагаагаа явуулсаар байдаг аж ахуйн нэгжүүд байдаг тухай  мэдээлэл ирдэг. Энэ бүхний цаана “хөрөнгөлөг хурандаа нар, цагдаагийн өндөр албан тушаалтнууд” байх магадлалтай.

 

Нэгэнт Монгол улсын Ерөнхийлөгчийн хэлсэн бодлого шийдвэрийг  хууль хүчний байгууллагынхан биелүүлж ажиллах учиртай. Энэ үйл хэрэгт АТГ, Прокурорын байгууллага, Хууль зүйн анхааран ажиллаж, хууль зөрчдөг “Хөрөнгөлөг хурандаа” нарыг “эргэж өндийлгөх” ёсгүй. Хууль завшин, эрх мэдлээ урвуулан ашиглаж хувьдаа хөрөнгө мөнгө хуримтлуулах арга хэрэгсэл болгодог  цагдаагийн өндөр албан тушаалтнуудтай дээрх байгууллагууд хатуу тэмцэл өрнүүлж, Ерөнхийлөгчийн бодлогыг хэрэгжүүлж ажиллана  гэдэгт ард түмэн итгэн хүлээж байна

 

А.Тамир