Шил дараалан олон кино гарсаар байна. Гарахаас ч аргагүй. Энэ олон залуус мэргэжлийн сургуулийг нь төгсөж байгаа хойно юм хийхээс ч яахав. Харин үзэгчдийн хувьд олон бүтээл дундаас алиныг нь сонгох вэ гэдэг толгой эргэмээр болсон цаг үе. Энэ дундаас онцолж шинэхэн нээлтээ хийсэн “247 градус” романтик инээдмийн уран сайхны киног үзлээ.

Найруулагч Б.Тамир өөрөө зохиолыг нь бичиж найруулсан 4 дэх кино юм байна. Үнэхээр “хөөрхөн” кино болжээ. Хөөрхөн гэж хэлсэн минь хоосон үг байсангүй. Цагаахан инээд, гэгээлэг хайрын түүх. Нүд баясам сайхан бүсгүйчүүд, загварын хослол.

Залуу найруулагч тунчиг мэдрэмжтэй ажиллажээ. Яг хаврын урь орж эхлэх энэ цагаар ийм л кино биднийг сэргээх байсан биз. Тийм ч учраас кино театрт нээлтээ хийсэн даруйдаа олон үзэгчийг соронз шиг татаж эхлэсэн бололтой. Хөнгөн инээдээр эхэлсэн “247 градус” эцэстээ дээд цэгт нь хүртэл үзэгчидээ догдлуулж чадсан. Сайн зохиол, чамбай найруулга, сэтгэл гаргасан бүтээл үнэндээ амттай хоол шиг таатай байсныг хэлэх хэрэгтэй байх.

Б.Тамираагийн хувьд сүүлийн үед найруулагчийн хувьд гэрлийн хурдаар өсөж яваа залуу. Өнгөрсөн онд хийсэн ”Аз жаргалын шок”, ”Миний ах атаман” кинонууд нь оны шилдэг ашиг орлогтой киноны тэргүүн эгнээнд бичигдэж чадсан. Түүний энэ их амжилт киночдыг ёстой л нэг жинэхэн сандаргасан гэж хэлж болно.

Драмын театрын залуу жүжигчнийг кино ертөнцийн оргил руу ийм  хурдан дөхөх юм гэж хэн санах билээ. Үзэгчид ч түүнийг анзаарахгүй өнгөрөөсөнгүй. Хийсэн кино бүрийг нь хошууран үздэг болжээ. Энэ удаа ч тэрбээр бас л итгэл алдсангүй бололтой. Шинэ кино нь аль хэдийнэ үзэгчдээс "онц" үнэлгээ авч эхэлсэн байна. Дан ганц хувь хүний амжилтаас гадна түүний бас нэг давуу тал бол маш сайн зохион байгуулалттай гар нийлсэн уран бүтээлчидтэй баг болон ажилладаг. Тийм ч учраас Б.Тамирын баг монголын кино урлагт хүчтэй, одтой, гялалзан орж ирээд байна.

Тэр хэдийнэ хүлээн зөвшөөрөгдөж эхэлжээ. Ид урлагийн карьер нь өсөж яваа уран бүтээлч муу зүйл хийх эрхгүй асаж яваа үе дээрээ байна. Баяр хүргэе Бат-Өлзий Тамир. Энэ үгийг одоо чи сонсох эрхтэй.

Хаврын яргуйг дуулах цаг ойртож байгаа энэ үед “247 градус” бас нэг өнгө нэмжээ.