Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал  Сүхбаатар аймагт одоо ажиллаж байна. Тэрээр тус аймгийн Засаг даргын тамгын газрын удирдлагуудтай уулзлаа. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. “ Тус аймаг  малынхаа тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг, хүн ам олонтой, Дорнодод нэг хүнд нэг үхэр ногддог бол, Сүхбаатарт нэг хүнд дөрвөн үхэр ногддог байх жишээтэй. Зээлийн багц өсч байгаа ч  тэр дотроо чанаргүй зээл багассан. Үйлдвэрлэл эрхлэх боломж байгаа ч тахианы аж ахуй зэрэг 100 гаруй үйлдвэрлэл ажиллаж байгаа “ гэсэн мэдээллийг   Засаг дарга Ж.Батсуурь  нэр дэвшигчид танилцуулав.  Сэтгүүлчид аймгийн Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга  Б.Буянтогтохоос сонгогчдын бүртгэлийн ажил, нэрсийн жагсаалт гаргах ажлын үйл явцыг сонирхоход,  Сүхбаатар аймаг 55.128 хүн амтай. Түүнээс 37.235 сонгуулийн насны  иргэд байна. Бүртгэл нэрсийн жагсаалт гаргаж,  ажил дуусч танилцуулсан гэж байв.  Ингээд нэр дэвшигч Н.Удвал Сүхбаатар аймгийн иргэд сонгогчидтой уулзалт зохион байгуулсан юм.

Энэ үеэр түүнийг дэмжихээр олон эхчүүд, эмэгтэйчүүд хүрэлцэн ирж сэтгэлийн үгээ тэрлэлээ. Мөн нутгийн их яруу найрагч  Ай. Төмөр- Очир хүрэлцэн ирсэн байв. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

  • Сайн байна уу Та. Таны бие сайн уу?
  • Сайн, сайн бие тэнхлүүн байна.
  • Та  Удвал сайдыг дэмжихээр ирээ юү?
  • Би аль нэгэн тал харалгүй дураараа л донгодъё. Би намчирхаж мэддэггүй, намалдгийн тэнэг хүн л дээ. Энэ удаа би МАН-ын гишүүн атлаа Ардчилсан намыг дэмжиж байгаа. Монгол төрийн төлөө хэн зүтгэж хөлс, цусаа гаргаж байна тэр бүгдэд нь хайртай. Сонгуульд нэр дэвшигчдийг тэгж ойлгож байгаа.  Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний аз жаргал,  үр хүүхдийн сайн сайхны төлөө хөлсөө урсгаж байгаа болохоос энэ нь нэр хүнд, алдар гавьяаны төлөө биш юм.
  • Та тэгвэл эмэгтэй нэр дэвшигчийн талаар ямар бодолтой  байна вэ?
  • Н.Удвал сайдын тухайд эмэгтэй жинхэнэ тэмцэгч хүн. Гэхдээ тэр хүүхнүүдийн шалгуураар, миссийн уралдаанаар улс төрд орж ирээгүй. Ийм зүйлийг шүүмжилж шүлэг хүртэл бичсэн миний хувьд хэлэхэд, Нацагийн Удвал тэмцэгч, баатарлаг, шударга эмэгтэй. Тэр шалгуураараа ч нэр дэвшиж буй. Монгол бүсгүйчүүд хатан ухаанаа шингээгээд эмэгтэй Ерөнхийлөгч гаргаад ирвэл сайн л байна. “Удвал” сангийн тэргүүн Өнөбаатар түүнийг дэмжиж байгаа дуулдсан. Удвал ахайтан гэж  Монголын зохиолчдыг тэргүүлж байсан сайхан хүн байв. Удвал нэртнүүд ухаантай байдаг. Удвал цэцэг гэж учиртай цэцэг юм гэсэн. Эцэст нь хэлэхэд ухаантай мэргэн шийд гараасай гэж бодно. Эмэгтэй хүний хувьд анхны бөгөөд сүүлчийнх байж мэдэх энэ том шалгуур, том тэмцлийн дундуур явж байна. Монголд өнөөдрийн харгислал, хатуурхал тэмцэл их хахир хатуу байна. Тиймээс түүнийг зөөлрүүлж  эхийн сүү шиг зөөлөн эхийн сургаал шиг үнэнийг хэлж яваад нь баярлаж байгаа шүү. Наран ургах зүгийн олон сайхан сэхээтнүүд, оюунлаг хүмүүс дэмжиж сайхан хүлээж авч байгаа юм гэж ах ажиглаж харлаа.
  •  

Нэр дэвшигч Н.Удвал Сүхбаатар аймгийн иргэд сонгогчидтой халуун дулаан уулзалт хийсний дараа Их Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийг зорьсон юм.

                                                                                                                    

 

      Т.ЗАЯА