Миний санахад наяад онд нутгийн ах нар цэргээс халагдаад ирэх нь нэг ёсны томоохон баяр болдог байв. Гурван жил эр цэргийн алба хаасан ах нарын өнгө зүс, бие бялдараас эхлээд бүгд хувирчихсан. Ёстой л ширээ ат шиг сайхан залуус сумын төвөөр нэг хөлхөлдөхийг харах нь наяад оны хүүхдүүд бидний бахархал байлаа. “Онц байлдагч”, “Онц хилчин”, “Онц буудагч” гээд одон тэмдэг энгэртээ гялалзуулж, түрүүчийн мөрдөс яраглаж дэглээд, дэгжин хээнцэр хром өшиглөсөн тэр ах нарын нүдэнд өртөх гэсэн нутгийн эгч нарын аалгүйтэл гээд энэ бүгд бага насны дурсамжийн гүнд хамгийн тодоос тод үлджээ.

 

       Идэр залуу цээжийг нь ялимгүй барьж, булчин шөрмөсийг нь зангируулж харагдуулах цэргийн дүрэмт хувцас гээд энэ бүгд миний үеийн олон хүүхдийг эр цэргийн албанд явах хүслийг бадраасан даа. Халагдаж ирсэн ах нарт зориулсан сумын бүжиг зохион байгуулах нь тогтсон заншил. Халагдсан цэргүүдэд зориулсан үдэшлэг Улаанбуланд болж, сум нэгдлийн дарга үдэшлэгийг нээж хором саатаад, тэр үдшийн эрх мэдлийг ах нарт зөнд нь орхино.

 

      Орхихдоо, говийн нар салхин ч гундааж чадаагүй ганган дэгжин бүсгүйчүүдийн хамт, тэнд цалгих баяр хөөр, бас хөнгөн гуниг гээд тэр чигтээ ах нарын мэдэлд нэгэн үдэш үлдэнэ гэсэн үг. Үерхэж байсан бүсгүй нь илгээлтээр ирсэн багш хархүүтэй айл гэр болчихсон, сумын бүжгэн дээр баянхуурын аянд бардамхан бүжиглэж байгаа ч цаанаа л нэг айдастай байгааг төвөггүйхэн мэдэж болох. Хүний харц их зүйл өгдөг зүйл хойно доо. Харин найз хархүүгээ гурван жил бүсээ чангалж хүлээсэн бүсгүйн бардамнал бол тэр үдшийн бас нэгэн чимэг.

 

       Мэдээжийн хэрэг, гурван жил цэргийн хархүү хүлээж журам сахина гэдэг бол энэ үдшийнхээ бахархалт дүрүүдийн нэг яах аргагүй болж чадна. Нөгөө талаар сэтгэлт бүсгүйг нь авч суусан багш хархүүгийн зүг бэлчээх эр цэргийн зоримог хэрнээ багагүй заналхийлсэн харц, багш хархүүгийн эмээнгүй харц гээд энэ үдшийн бяцхан айдас болно. Дандаа инээд гэрэлтсэн харц байх юм бол халагдсан ах нарт зориулсан үдэшлэгийн утга учир алга болох байсан биз ээ. Тиймдээ, цэрэг эрийн хатуу чанга амьдралыг нэр төртэй туулаад ирсэн тэр идэрхэн ах нарын харц нэг муу дээд сургууль төгссөн хархүүд ихээхэн зүйл хэлж өгдөг байсан болов уу. 

 

       Гурван жил алба хаагаад ирсэн зарим ах нарт тодорхой тосоод угтах болзоот бүсгүй үгүй ч илгээлт өвөрлөж ирсэн эмч, багш, нягтлан бодогчоос эхлээд энэ л ах нарт зориулсан шиг хэдэн бүсгүй ёс юм шиг байх. Энд бол хангайн буга шиг ах нарын сонголт л мэдэх хэрэг. Ерөөсөө социалист нийгмийн үеийн бодлого, түүнд таарсан захын нэг онцлог ч энэ байсан гэхэд болох л доо. Тиймээс хүлээсэн болзоот бүсгүй байхгүй ах нар энэ шөнө сонголтоо хийж насныхаа ханийг сонгосон нь цөөнгүй. Өдгөө зуугийн талыг наслаж, үр ач нарынхаа зулайг үнэрлэн суугаа нөхдүүд Дорноговь аймгийн Алтанширээ суманд цөөнгүй бий. Болзоот бүсгүй нь гурван жил хүлээж чадаагүйд нь гомдсон ах нарын хувьд ч энэ бол хариуцлагатай сонголт. Ид нялх ногооны униар суунаглах зургаан сарын энэ үдэш жилдээ ганцхан болдог сумын наадамтай дүйцэхүйц баяр наадам гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Улаанбулангаас баянхуурын эгшиг нялх ногооны униартай салхивчаар нисч, харанхуй дунд пар пар дуугарах дизель моторын дуу чихэнд чийртэй ч Иличийн гэрлийг түгээдэг тэр буянтай зүйл энэ үдшийн хамгийн эрхэм нандин зүйл. Хөх ногооны униар татсан хөдөөгийн суурин гэдэг агаарын сайхан орон, ёстой л газрын диваажин. Ийм л диваажинд ганцхан байх содон үнэр нь пар пар дуугарах дизелийн шатахуун.

 

      Энэ л торгон цагаар түрүү жил нь халагдаж ирсэн ах нар амьдрал төвхнөж, үрийн зулай үнэрлэсэн ч энэ үдэшлэгт ирэхгүй бол ёстой алдас болно. Тэд халагдаж ирсэн ах нараас анги нэгтгэлийнхээ дарга нарыг сураглаж, зарим нэг нь ч дээд офицеруудтай өвөр түрийдээ орж, хоолоо хувааж явлаа гэх зэргээр бяцхан дэгс яриа өрнүүлэх нь ч гайхамшигтай. Үнэн хэрэгтээ бол дарга нараа тэд өөрсдөө танина уу гэхээс тэднийг дарга нар таних нь ховор л доо.

 

       Гэхдээ л энэ яриаг сонсож чадвал ёстой сонгодог зүйл болно. Магадгүй, би үүнийг хорин хэдэн жилийн өмнө сонсч зогссон болохоор үүнийг бичиглэж суугаа хэрэг. Тэгээд түрүү жил халагдаж ирсэн ах нар цэрэгт атаман явсан тухай хууч дэлгэхийн сацуу “Манай өнөөх онгорхой Дорж байна уу. Штабын дарга хэвээрээ юу” гэхэд шинэхэн халагдаж ирээд байгаа ах нар “Цаадхи чинь дэд хурандаа болсон шүү дээ” хэмээнэ. Хариуд нь “Аа гараад өгч. Муудаж сайдаад гэмгүй сайхан хоолоо хувааж явлаа” гээд ханхалзана. Үнэндээ дэд хурандаа хугацаат цэргийн байлдагчтай өвөр түрийдээ орж, хоолоо хуваах уу, үгүй юу гэдгийг шинэхэн халагдсан ах нар сайнаас сайн мэдэх ч  чимээгүй л наанаа зөвшөөрч сууна. Зарим нэгэн нь бүр ч сүйд хийнэ. Ангийнхаа захирагчийн охиныг сураглаж, “Миний хойноос уйлаад үлдэж билээ” хэмээн шал худлаа шүүрс алдана. Гэтэл нөгөө талаас бага тушаалын офицер дарга нарынхаа эхнэрийг ч сураглаад амжина. Ийнхүү хамтрагчаа олох гэж яарч буй шинэхэн халагдсан ах нарыг өмнөх жил нь халагдсан ах нарын дэгсдүү яриа баахан залхаах авч яах аргагүй хэсэг хугацааг тэдэнд зориулна. Өөр аргагүй.

 

       Наяад оны бага насын хүүхэд бидний хувьд хулгайгаар Улаанбулангийн цонхоор ах нарыг бахархалтай харахын зэрэгцээ сүйт бүсгүйг нь ч алдрайхан харцаар ширвээд авна, бас эр хүн. Аз таарч гэмээнэ дээрх ах нарын яриаг амтархан чагнана шүү дээ. Тун эвгүйтвэл хөөгдөөд гэрийн зүг явахаас өөр арга байхгүй. Харин 17 настай цэргийн зарлан хүлээж байгаа, энэ жил цэрэгт мордох гээд хэдхэн сар дутсан, магадгүй жин дутсан хэсэг ах нар бас гайгүй дээгүүр байр суурь эзлэхийг оролдоно. Гэхдээ ах нартай суудал зэрэгцэхийг хүсэхээс цаашгүй. Цаадуул нь юу гэж тоохов дээ. Түрүүлж халагдсан ах нараас залхаж суугаа хүмүүс шүү дээ. За тэгээд жин дутаж, албанд гологдсон нөхдийн хувьд бол бүр ч бараадалтгүй. Жаахан дээгүүр сэвэх гэвэл гологдол, эрийн сүгээрээ ч дуудуулж мэдэх учраас гунигтайхан атаархасаар харьдаг байсан биз дээ. Ийнхүү жилдээ ёс юм шиг болдог үдэшлэг дээрээс жавхаагаа бадруулсан ах нар бүжгэн дээр урьсан бүсгүйчүүдээ дагуулаад гарна. Уг нь өглөөхөн сумын шуудангаар ирээд, аав ээждээ үнсүүлээд гарсан ч гурван жил уулзаагүй аав ээждээ яарах гэж үгүй. Өнөөх л бүсгүйчүүдээ дагуулаад тус тусын мөрийг хөөнө. Одоо бодоход олон ижий ийн хүүгээ хүлээн дэрэн дээрээ нойргүй хоноо доо. Аргагүй шүү дээ. Гурван жил хүлээсэн хүү нь шүү дээ. Гэтэл ёстой л өнөөх “Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэдэг шиг л юм болно. Энэ л бүжгэн дээрээс насынхаа ханийг хөтлөөд гарсан ах нар өдийд нутгийнхаа ирж яваа салхинд бас нэг хүүгээ цэрэгт мордуулж, нөгөөг нь тосч аваад идэр залуугийнхаа дурсамжийг хөврүүлэн суугаа даа гэж бодохоор нутгаадаа гараад гүймээр.

 

       Хамгийн сүүлд, 1987 оны цэрэг хоёр ээлжээр халагдаж ирсэн нь тодхон санагдаж байна. Яагаад гэхээр Улаанбаатар орчимд буюу ардын армид алба хаасан ах нар “Мандухай цэцэн хатан” киноны зураг авалтад оролцсон юм билээ. Тиймээс наадмын дараахан халагдаж ирсэн. Хилийн цэрэгт болон бусад анги нэгтгэлд алба хаасан нөхөд зургадугаар сард халагдаж ирсэн түүхтэй. Тэр жилийн зургаан сар баахан гандуу. Эхний ээлжээр халагдаж ирсэн ах нар тэр л байгалийн гандуу гундуу төрхийг чимж байсан нь тодхон.

 

        Харин “Мандухай” киноны зураг авалтад оролцсон ах нарын хувьд ёстой л том том Ардын жүжигчид халагдаж ирсэн дээ. Энэ үед айраг цагаа ч дэлгэрчихсэн ёстой л цагаа олсон үе байсан. Зарим нэг нь өнөөх л Исмэл тайж Б.Дамчаатай хундага тулгасан, өнөөх л Батмөнх даян хаан Сүххуягтай хоолоо хуваасан тухай, өнөөх л Мандухай сэцэн хатан Н.Сувдтай ч муугүй ярилцсан бололтой дэгсдүү яриа хуурай өвсөнд ассан түймэр шиг л ноцно. Тэр зун манай сумын цэргүүд ийнхүү хоёр тасарч цэргээс халагдсан хийгээд наадам дамжсан гээд нэг их хөлтэй зун болсон нь санаанд илхэн байна. Харин 1988 оны зургадугаар сард хамгийн сүүлчийн гурван жил алба хаасан ах нар халагдаж ирснээс хойш тэгтлээ санаанд тод үлдсэн дурсамж үгүй юм уу даа. 

 

С.Ууганбаяр