....Бяцхан хүүгийн гар, хуруу тасарсан байдалтай бороолж эдгэсэн байсан бөгөөд анхаарлыг нь эрхгүй татжээ.

 Дорнод аймагт гуравхан настай хүүгийн хөл гуя хэсгээрээ хугарч, онц ноцтой бэртсэн байдалтай хүргэгдэн иржээ. Тус аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд бяцхан хүү хүргэгдэн ирэхэд хөл нь бүдүүн гуя хэсгээрээ хугарсан байсан бөгөөд БОЭТ-ийн мэс заслын эмч нар яаралтай хагалгаа хийж, амь насыг нь аварсан байна. Одоогоор хүүгийн биеийн байдал харьцангуй сайжирчээ.

Харин эх сурвалжуудын мэдээллэж буйгаар хүүгийн хөл бүдүүн гуя хэсгээрээ хугарсанд хуулийн байгууллага эцэг эхийг нь шалгаж эхэлжээ. 

Хүүгийн хөл хугарах болсон шалтгааныг эцэг эх нь тайлбарлахдаа “Орноосоо унасан” гэсэн ганц л шалтгаан хэлсэн байна.  Харин хуулийнхны үзэж буйгаар орноосоо унасан ч гурван настай хүүгийн хөл бүдүүн гуя хэсгээрээ хугарах байх магадлал бага учраас эл хэргийг шалгах сэжүүр төрсөн байна.

Түүнчлэн тус төвийн эмч нар цагдаад бяцхан хүү гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл өгчээ. Энэ дагуу тус аймгийн Баянтүмэн сумын харъяат тэднийг байцаан шалгаж эхлээд буй юм байна. Эмч нарын хэлснээр, бяцхан хүүгийн гар, хуруу тасарсан байдалтай бороолж эдгэсэн байсан бөгөөд анхаарлыг нь эрхгүй татжээ.Шалгалтын ажиллагаа үргэлжилж буй учир энэ талаар тодорхой мэдээлэл хараахан алга байна.

Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн дунд хүнд хөнгөн хэлбэрийн гэмтэл авсан бага насны үйлчлүүлэгёдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгааг эмнэлгийн байгууллагаас мэдэгдээд байгаа. Тэдний зарим нь асран хамгаалал муугаас үүдэн түлэгдэж, бэртэх тохиолдол байх боловч үүний цаана гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр амь бөхтэй оршиж, хурц хэлбэрээр нийгэмд илэрсээр байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг судалгаа бий.

Хүчирхийлэл үйлдэгчийг насны байдлаар авч үзвэл ихэвчлэн 35-50 насныхан байдаг аж. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгааныг авч үзвэл энэ нь ихэвчлэн архидалт, ажилгүйдэл, гэр бүл дэх эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцан бие биедээ итгэх итгэлгүй болж, таарамжгүй харьцаанаас үүдэлтэй байгаа аж.

Далд хэлбэрээр нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход иргэн бүрийн оролцоо чухал. Ялангуяа таны оршин суудаг газрын ойр орчимд гэр бүлийн хүчирхийллийн шинж тэмдэг илэрч буй айл өрх байвал шууд цагдаагийн байгууллагад хандаж, зовсон нэгний амийг аврахыг хуулийн байгууллагаас бүх нийтэд уриалж байгаа юм.