Сэтгүүлчид бид тив, дэлхий, гадаад ертөнцөөс эхлээд улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, малчны хот, шорон гяндан хүртэл явж ард түмнээ мэдээллээр хангадаг. Ард түмнийг хохироосон шийдвэрийг шударгаар мэдээлж, асуудал гарах бүрт эхний фронтод явдаг хүмүүс. Энэ хэрээрээ ч их эрсдлийг үүрч ирсэн. Цаашдаа ч үүрнэ.  

Харин одоо бид бусдын төлөө дуугардаг шигээ өөрсдийнхөө салбарын асуудлаар нэгдэн нийлж, дуу хоолойгоо хүргэх цаг иржээ. Учир нь сэтгүүл зүйн салбарт халгаатай шийдвэрүүдийг эрх баригчид гаргаж, бидний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хэт халдсан хуулийн төслийг санаачилчихаад удахгүй УИХ-ын чуулганаар батлуулах гэж байна. 

Тодруулбал, Цагаан сарын өмнөхөн Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Эдгээр хуулинд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой маш ноцтой заалтууд тусгагдсан бөгөөд зарим жишээг дурдъя. Зөрчлийн тухай хуулийн төслийн 10.4.3-т “мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө мөнгө авсан бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гээд заачихсан байна. 

Энэ нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийн дотоод үйл ажиллагаанд хэтэрхий дураараа халдсаны нэг илрэл гэж бид үзэж байна.  

Үүнээс ч илүү бас нэгэн ноцтой заалт байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 10.4.1 дэхь заалт юм. Тухайлбал, “Сэрэмжлүүлэг зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ” гэж заажээ. 

Уг заалттай, заалтгүй бид сэрэмжлүүлэх мэдээгээ хангалттай бичиж, нийтэлж, нэвтрүүлж ирсэн. Үүнийг хуульчлаад байх шаардлага огт байхгүй. Үүгээр бол санаандгүй ганц мэдээ нийтлэхгүй орхиход торгуулж мэдэхээр байна. Гэхдээ уг заалт нь арай өөр зүйлд чиглэгдэж байна уу гэдэг хардалтыг төрүүлж байгаа нь эрх баригчид дуртай шийдвэрүүдээ гаргуулчихаад түүнийгээ сэрэмжлүүлэх зар сурталчилгаа нэрээр хүссэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ явуулах эрхийг нээх гэж байна хэмээн сэтгүүлчид харж байна. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хувийн өмч. Гэтэл хувийн өмчийн үйл ажиллагаанд төр шууд хутгалдан орж байна. Тэгснээ шийдвэрүүдийг нь хэрэгжүүлэхгүй бол тооцооны нэгжээр торгоно гэдэг хачин зүйлийг ярьж байгаа нь хэтэрхий даварсан үйлдэл юм. Тооцооны нэгж гэдэг нь ам.доллартай уялдуулан торгох гэсэн үг. Эдийн засаг хямрангуут сэтгүүлчдээ хүртэл ам, доллартай тэнцэх хэмжээний мөнгөөр торгож эхлэх нь. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл бөгөөд хуулинд "Монголдоо аливаа торгууль, худалдааг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ" гэж заасан байдаг. 

Цаашлаад Эдийн засгийн өршөөлийн хуульд авлигачдыг бичсэн сэтгүүлчдийг 5-50 сая төгрөгөөр торгоно гэсэн заалтыг хүртэл оруулсан байна. Эрх баригчид дураараа авирлахын тулд сэтгүүлчдийг хуулийн заалтаар нухчин дарах гэж байгаагийн тод жишээ энэ болж байна. Засгийн газраас сэтгүүлчдэд эрүү үүсгэж хорих хуулийн төслийг хүртэл өргөн барилаа. 

Энэ мэт сэтгүүлчдийн ажил гүйцэтгэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж даварсан үйлдэл гаргаж буйгаа таслан зогсоохыг шаардаж байна. Нөгөөтэйгүүр сэтгүүлчид бид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө  хамтдаа тэмцэх цаг нь болж. Хэвлэл, мэдээллийн ёс зүйн зөвлөл ч уг асуудлыг анхааралдаа авах биз. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид 21 сэтгүүлчээ яллуулсан байна. Энэ бол сэтгүүл зүйн салбарт харанга дэлдсэн тоон үзүүлэлт билээ.

Т.Энхэлээ