Мөнгөтэй, боломжтой нэг нь орон сууцыг орцоор нь худалдан авч иргэдэд түрээслүүлэн ажил хийхгүй, улсад татвар төлөхгүй баян тансаг амьдарч байгаа нь нууц биш. Хамгийн гол нь орон сууцаа хаанаас, хэрхэн авч байгаа нь бас л нэг сонирхмоор зүйл.

Гэвч энэ талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Нэгэн сонирхолтой тоо баримт дурдахад, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын хэмжээнд хамгийн олон орон сууц эзэмшдэг иргэн 68 байртай гэж мэдэгдсэн. Харин 57, 39, 33 орон сууц эзэмшдэг иргэд удаалж байгаа ажээ. Улсын хэмжээнд 20-иос дээш орон сууц эзэмшдэг найман иргэн байгаа бол 10-20 орон сууц эзэмшдэг 80 хүн байна. Энэ оны нэгдүгээр сарын 13-ны байдлаар орон сууц өмчлөх эрхийн бүртгэлд 239 мянган иргэн бүртгэлтэй байгаагийн84.5 хувь нь нэг орон сууцтай аж. Харин хамгийн олон орон сууц эзэмшдэг хуулийн этгээд 81 орон сууцтай аж. Хуулийн этгээдийн хувьд 20-иос дээш орон сууц эзэмшдэг 23 компани байгаа бол 10-20 байр эзэмшдэг 40 компани байна. Мөн энэ оны нэгдүгээр сард 1696 орон сууц эд хөрөнгийн бүртгэлд шинээр бүртгүүлснээс 73 хувь нь нийслэлд бүртгэлтэй байгааг мэдээлсэн. Магадгүй энэ мэдээллийг сонссон хүнд нууцхан атаархах сэтгэл төрөх биз. Өнөөдрийн нийгэмд хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд ч хамаагүй. Гэхдээ л аливаа юм савнаасаа халивал муу үр дагавартайг анхаарах нь зүйн хэрэг. “Шинэчлэл”-ийн Засгийн газрын үед татварын өөрчлөлт хийнэ гэж ярьж байсан. Үүний нэг нь орон сууцны татвар. Гэвч энэ яриа тэгсхийгээд намжсан. Хэрэв үл хөдлөх хөрөнгийн татварын хуулийг баталбал үл хөдлөх хөрөнгийн салбар дахь үнийн өсөлт буурч, орон сууцны үнэ буурах боломжтой гэж эдийн засагчид үздэг. Харамсалтай нь энэ талаар ам ангайх нэг ч хүн алга. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө, орон сууц, нийтийн эзэмшлийн барилга байгууламжийг албан татвараас чөлөөлдөг байна. Уг нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд жинхэнэ үнэ тогтоохын тулд татвар авах механизмыг суулгаж өгөх ёстой. Ингэвэл орон сууц худалдаж аваад түүнийгээ бусдад түрээслэн, төрд татвар төлдөггүй байрны ченжүүдийн хөөрөгддөг үнийн өсөлтийг буулгаж чадах юм. Ингэснээр иргэд эрх тэгшээр орон сууцтай болох багахан боломж ч байж болох юм. Найман хувийн орон сууцны зээлийг олгож эхэлснээр иргэд орон сууцанд амьдрах боломж бүрдсэн. Гэвч зээлд хамрагдахын тулд хуруу хумсаа хугалах шахан байж урьдчилгаа 30 хувиа төлж, 10-20 жил өрийн дарамтад амьдрах болдог.

Гэтэл зарим нь авсан байраа дуртай үнээрээ түрээсэлж, үнийн хөөрөгдлийг бий болгодог нь шударга бус. Харин орон сууц бусдад түрээсэлдэг иргэдэд хэрхэн албан татвар ногдуулдаг талаар Татварын ерөнхий газрын Татвар хураалт удирдлагын аргазүйн газрын Улсын ахлах байцаагч Ш.Энхжаргал“Хувь хүний орлогын албан татварын хуулиар хөрөнгийн орлогод түрээсийн орлого хамаардаг. Харин түрээсийн орлогоос албан татвар ногдуулахдаа хувь хүний түрээслэлтэй холбоотой гарсан цахилгаан, ус, хогны зардлыг хасаад нийт ашгаас 10 хувийг албан татварт авдаг. Хөрөнгө түрээсэлж буй иргэн тухайн оны эцэст тайлангаа гаргаж өгөх үүрэгтэй” гэв.

 

М.Энхцэцэг