Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын тав дахь зочноор шинэхэн үүрэгт ажилдаа томилогдоод буй , МЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр уригдаж, “Манлайлал-Оролцоо-Хөгжил” сэдвээр илтгэл тавьж, нээлттэй ярилцлага өрнүүллээ.

Тэрбээр гуравдугаар сарын 28-ны өдөр болсон МЗХ-ны V их хурлаар тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр өргөмжлөгдсөн юм.Залуустай нэг цагийн турш санал бодлоо хуваалцаж, үнэтэй зөвлөмжөө хайрласан тэрбээр “Өөрөөс чинь илүү ухаантай хүн энэ ертөнцөд үгүй. Гэхдээ дарга болох гэж битгий зүтгэ манлайлагч болох гэж л тэмүүл” гэсэн зөвлөгөөг өгч байсан юм. Эзэмшсэн мэргэжлийнхээ шилдэг нь болж, гарч ирсэн боломж бүрийг мэдэрч, атгаж авах нь чухал гэдгийг ч ойлгуулсан. Өөрийгөө хөгшин оюутан гэж ёжлох тэрбээр одоо МУБИС-д суралцдаг байна.

Мөн энэ үеэр тэрбээр төр засгийнханд гомдож явдагаа ч нуусангүй. Гурван сая иргэнд оногдох их, дээд сургуулийн тоог хасах хэрэгтэй гэж шүүмжилдэг хирнээ тэдгээр хүн амд ноогдож байгаа баар цэнгээний газар, архины үйлдвэрүүдийн тоог цөөлье гэж хэн нь ч дуугардаггүй нь харамсалтай гэж хэлж байсан юм. Ийнхүү тэрбээр нэгэн оройг оюутан, залуустай нээлттэй ярилцаж өнгөрөөлөө. Оюутан залуус ч түүний лекцнээс олон зүйлийг ойлгож, тунгаан эргэцүүлсэн гэдэгт итгэлтэй байна.